НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Европын холбоо хөл хориогоо цуцална
Брюссель коронавирусийн вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг чөлөөтэй зорчих, ирэх сараас хөл хориогоо цуцлах талаар хэлэлцэж эхэллээ. Европын холбоо 27 улсын иргэдэд цар тахлын гэрчилгээ олгох системийг өчигдөр албан ёсоор нэвтрүүлсэн. Европын холбооны орнуудад зуны аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан зорчигчдын хөдөлгөөнийг сэргээхээр байна. Еврокомиссын дарга Урсула фон дер Лейен “Европчууд зун аюулгүй, тайван амрах хэрэгтэй. Вакцинжуулалт үргэлжилж байгаа тул бид цахим гэрчилгээтэй аяллыг санал болгож байна. Энэ бол Европын холбооны орнуудад нэвтрэх алтан паспорт юм” хэмээн жиргэжээ. Европын холбооны “ногоон” бүсийн нэг Финландад 100 мянган хүн тутамд 25 хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн учир цахим гэрчилгээтэй, коронавирусийн шинжилгээнд хамрагдсан хүнийг хил нэвтрүүлэх аж. Сүүлийн долоо хоногт халдварын тоо буурч байгаа нь вакцинжуулалттай холбоотой. Гэхдээ Их Британийг Европын холбооны гишүүн бус орнуудын “цагаан жагсаалтад” хараахан оруулахгүй бөгөөд тест, хорио цээрийн хязгаарлалт тогтоох юм. Европын холбооны эрх баригчид түр хугацаанд онц шаардлагагүй аяллуудыг хязгаарлахын сацуу бүх нөөц бололцоогоо ашиглан иргэнээ аль болох хурдан паспортжуулахаар хичээж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр эрх баригчид зун гэхэд вакцин тариулсан бүх иргэнээ паспортжуулсан байх төлөвлөгөөтэй байгаа ч цагтаа амжих эсэх нь эргэлзээтэй. Цахим паспорт гэдэг нь тухайн иргэний хувийн мэдээллийг агуулсан, халдваргүй гэдгийг батлах QR код байх ажээ.