“ӨНӨӨДӨР”-т учирч, МАРГААШ руу тэмүүлсэн хоёр

Өмнөх нь http://uzeg.info/i/2402

Бүр дотно болсон нэг нууц тэдэнд бий. Тэгшээ “Өнөөдөр” сонинд ажиллаад удаагүй байхдаа танилцсан найз нь Б.Эгшиглэн. “Монгол ньюс”-ийн долоон давхар саарал барилгад ажилладаг хүмүүс шатаар явахгүй, ихэвчлэн лифт ашиглана. Үүнийг анзаарсан тэд хамтдаа 6-7 давхрын цонхны тавцанг ашиглаж тамхи татаж, бас бус асуудлаа ярьдаг болсоор уджээ. Цонх нь онгойдог болохоор ямар нэгэн асуудал тарихгүй. Зөвхөн Тэгшээ, Эгшиглэн хоёрын дундын нууц гэмээр уг цэгт өөр “зочилсон” цорын ганц хүн нь Энхээ эгч. Бусдаар тэнд хэн ч очиж, тамхи татаж, сэдэв, санаа бусад асуудлаар яриа унагаагүй гэнэ лээ.

Тэгшээ хүүхдийн баяраар бэлэг авснаа Энхээ эгчид догдлон хэлсэн тэр үеэс түүнийг насыг нь мэджээ. Бэлэг авах хүний тоонд орж байна гэдэг нь 20 орчим насны хүүхэд байж таарна. Гэтэл түүнээс доош байсан нь өхөөрдөх шалтгаан болов. Байгууллагын шинэ жилээр Тэгшээ цаанаасаа хүүхдээрээ баярладаг нь илт. Энхээ эгч Тэгшээг өхөөрдөж харсан үе нь тэр үе. Нэг удаа Энхээ эгч өлсөөд байна, идэх юм аваад өгөөч гэж. Үүнийг сонсоод бодохдоо ямар нэгэн гоё юм хүсэх байх гэтэл хоёрхон ширхэг мантуун бууз авахуулжээ. Залуучууд бол тэгэхгүй. Хүүхдээрээ зантай хүн л тэгнэ. Улам хайрлах сэдэл төрүүлэв.

Соронз мэт татсан Нобель авах мөрөөдөл

Тэгшээг өдөр тутмын сониноор хүмүүжсэн гайгүй сайн сэтгүүлч болох дөртэй юм байна гэдгийг Энхээ эгч гадарласнаас жилийн дараа зэврүүн өдөр автобусны буудал орохоор Урт цагааны гудамжаар хамт алхжээ. Тэгж явтал “Урд шөнө нойргүй хонолоо” ухааны юм Тэгшээ ярьжээ. Учрыг лавлатал “Нобелийн шагнал авахдаа хэлэх үгээ бодоод” гэж хэнэггүй хариулах нь тэр. Үүнийг сонссон Энхээ эгч тэрүүхэндээ гайхах нь мэдээж. Тэгсэн атлаа битүүхэндээ хөнгөн атаархал төржээ. Сэтгүүлчээр ажиллаж цагаасаа хойш хэзээ ч тэгж мөрөөдөж, зүрхшээж үзээгүй байхад Тэгшээгийн хэлэхийг сонссон нь гоё санагдсан байна.

Хүн болгонд мөрөөдөх эрх бий. Харин яагаад тэр эрхээ дураараа эдэлдэггүй юм гэж Энхээ эгч боджээ. Бараг Энхээ эгч Тэгшээгийн хажууд тэгж мөрөөдөх нь арай ойрхон биш үү?. 20 ч хүрээгүй хүүхэд мөртлөө бусдад дарагдаад, чирэгдэл болохгүй өөрийгөө чирээд явчихана. Шинэ жилээр нэлээд сонин бүжиглэнэ. Үсрээд л байна. Өөрийгөө гоё байна гээд ойлгочихсон. Өхөөрдөөд хардаг байснаас атаархаж байсангүй. Харин тэр үед маш их атаархсан нь тэр. Залуу насанд нь, эрх чөлөөтэй дураараа байдалд нь бас мөрөөдөлд нь. Энхээ эгчид тийм мөрөөдөл байгаа ч ахуй амьдралаасаа илүү ургуулж бодож байсангүй. Тэрхэн хоромд хэлсэн Тэгшээгийн үг түүний залуу насыг эргүүлээд авчирч өгсөн ч юм шиг. Тэгшээтэй хамт байхад томоор мөрөөдөгч байх ч юм шиг.

Тэгшээ ажлын цагаар унтдаг. Ширээгээ дэрлээд л унтана, хэн юу гэж хэлэх нь хамаагүй. Айж, эмээх шалтгаан түүнд үгүй. Харин Энхээ эгчид тийм зориг байхгүй. Баригдмал талдаа хүн. Эрх дураараа өссөн ч хувь хүн нь өөрийн гэсэн хайрцаг, хязгаартай. Өссөн нийгмээсээ ч болоод тэр үү аймхайдуу хүмүүжилтэй. Тийм зарчмаар дадсан Энхээ эгч Тэгшээгийн мөрөөдсөн шиг мөрөөдөж чаддаг, бусдаас огт эмээхгүйгээр түүнийгээ илэрхийлдэг, халгиж, цалгисан, омголон залуу насанд соронз мэт татагдсан нь энэ. Сэтгүүлчийн дөртэй болоод удаагүй атлаа Нобель мөрөөдөөд л.

Балдорж шагнал”-ын эзнээр Ж.Тэгшжаргал тодорлоо

Итгэл дээр тогтсон Итгэл

Тэгшээ Энхээ эгчийн байгаа байдлаар татагдсан бол Энхээ эгч Тэгшээгийн залуу насны том зорилгод нь дурлажээ. Цаг хугацааны өнгөрсөөр нэг л мэдэхэд Тэгшээ өрх тусгаарлаж, тусдаа компани байгуулж, сайт эрхлэх болов. Хэзээний гал атгадаг, тэрийгээ бусдаас нуудаггүй Тэгшээгийн эл шийдвэрийг Энхээ эгч анхандаа гайхширсан байдлаар хүлээн авчээ. Гэсэн ч шийдвэр гаргах хэмжээний саналыг тавихад шууд л зөвшөөрсөн байна. Хэвлэлийн талбарт шинэ тутан үүсгэн байгуулж буй редакциуд тодорхой хэмжээний эрсдэлтэй тулдаг. Хэн ч тойрохгүй, дайрдаг уг зүй тогтлын замналыг Тэгшээ туулсан, зорьсон, тэмүүлсэн. Заримдаа эрсдэл гарна. Тэгшээгээс боллоо гэж бодохгүй биш бодно. Ажлаасаа гарсан үе ч Энхээ эгчид бий. Өөр газар очоод ажиллана. Тэгсэн атлаа “Тэгшээ яаж байгаа бол. Намайг эргээд авах болов уу?” зэргээр ажиглагчийн байр сууриас санаа тавина, бас зовно. “Нэг удаа ажлаасаа гараад нүдний булай болсон. Яалт ч үгүй байдалд орсон. Би тийм л хүн” хэмээн хошигнож хоорондоо хөхрөлдөх Энхээ эгч, Тэгшээ хоёрын нөхөрлөлийг үгээр илэрхийлэмгүй энгийн тайлбарлавал Итгэл дээр тогтсон Итгэл гэмээр.

Тэгшээ Энхнээ эгчийн бодвол тууштай, зоригтой үнэнч. Гал атгана, эрсдэлийг сөрнө, юу ч бодохгүй. Аливаа ажлыг эхлүүлэхдээ ямар ч төлөвлөгөөгүй яваад орно. Ачаа даана. “Тийм чадвар надад байхгүй ээ” хэмээн ярих ч Тэгшээтэй хамт ажилласнаас хойш асар их хүсэл мөрөөдөлтэй болсноо тэрбээр нэмж тодотгов.

Энхээ эгч өмнө нь хэзээ ч хөрөг бичнэ гэж бодож байгаагүй. Уг нь түүний дуртай төрөл. Гадаад мэдээний албанд байхдаа “Who is Who” нэртэй булан хөтөлдөг байж. Алдартнуудыг маш энгийнээр бичнэ. Заримдаа блиц ярилцлагаар хийнэ. Том ярилцлага уншчихаад товчилж, жижиглэж буулгана. Тэр хэрээрээ ур чадвар шаардана. Тэгж явахдаа тод, сод, дахин давтагдашгүй хувь хүмүүсийн амьдралын түүх бол сэтгүүлзүйн хамгийн чамин, гоё төрлийн юм байна гэж бодох болжээ.

“Өдрийн сонин” болон “Үндэсний шуудан” сонины нэгэн үеийн автор сэтгүүлч Б.Ганчимэгийн найзуудынхаа, нутаг орныхоо, уулзсан хүмүүсийнхээ тухай бичсэн нийтлэлийг  уншина. Яг түүн шиг бичиж, чадахгүй нь ойлгомжтой гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Уншихад үгийн сан нь өөр. Монгол хэлний тансаг баялагтай. Өөрийнхөө үгийн санг бодоод үзэхээр сайн орчуулга юм шиг уншигдана. Улс төрийн нийтлэлийг харахад ч гадаад хэлнээс аятайхан буулгаж дээ гэсэн найруулга явах нь бий. Сэтгүүлч хүн өөрийгөө мэднэ гэдэг энэ. Тийм баялаг үгийн сангийн хэмжээнд Монгол хүний амьдралын түүхийг хийх нь Энхээ эгчид төсөөлөгддөггүй байсан үе. Маш сайн үгийн сантайгаас гадна баялаг монгол хэлтэй, амьдралын ухаантай хүний чадах ажил. Өөрийнх нь тодотгосноор Энхээ эгч бол гэнэн туулай. Болгоомжтой, аймхай зан нь давхар хөгжсөн...

Харин Тэгшээ бага залуугаасаа Нобель яриад эхлэхээр Энхээ эгчийн дотор хүнд нуугдаж асан мөрөөдөл нь гэнэт сэрсэн гэлтэй. Түүнийг задарч, өөртөө итгэхэд залуу найз гарч ирсэн нь Тэгшээ. Магтаж урамшуулна. Хүнтэй дотно найзалдаггүй, орон зайд нь халддаггүй, өөрийнхдөө нэвтрүүлдэггүй нь Энхээ эгчийн зан. Сэтгэлээ нээх үедээ цүл пал хийтэл нээж, хүний нууцыг хадгалсан шиг хадгална. Тэглээ гээд айлын орон гэрээр орж гараад явахгүй, тэр нь цөөн. Тэгшээ бол юу байна түүгээрээ зарчимтай нэгэн. Хамгийн гоё нь юу байна түүгээрээ. Бусдаас юмаа харамлаж, гар татаад байхгүй. Мөрөөдлөө хаана ч ичиж, нуухгүйгээр хэлчихдэг учраас Тэгшээгийн шийдвэрийг эргэлзэж, тээнэгэлзэхгүйгээр дагажээ.

Өдгөө тэд дарга цэргийн харилцаатай учраас айх, хүндлэх нь зэрэгцэнэ. Учир нь, Тэгшээ Энхээ эгч тэргүүтэй сэтгүүлчдээ цалинжуулж буйд оршино. Тэр Энхээ эгчийн гэр бүлийн өмнө үүрэг хүлээгээгүй ч хүндтэй хүн хэдийнэ болсон аж. Нөхөртэйгөө хэрэлдэхээрээ “Тэгвэл чи маргааш очоод Тэгшээгээсээ асуугаарай за” л гэнэ. Мэдээж Тэгшээ дээр асуухгүй нь ойлгомжтой. Харин Энхээ эгчээр дамжаад гэрт нь “Тэгшээ” гэдэг нэр хүртэл ороод ирсний илрэл. Маш бодитой хэрнээ хэн хэнээсээ урвах, муу юм хийхийн аргагүй хүмүүс хэдийнэ болсон нь тэдний нөхөрлөлийн амин цэг.

Сонинд жил гаруй хугацаанд ажилласан сэтгүүлчийн хувьд “Өнөөдөр” Тэгшээгийн хоёр дахь гэр нь. С.Батбаатар эрхлэгч хувь сэтгүүлчийг хөгжүүлэх талаас нь дэмжиж байсан ч Энхээ эгчтэй ярьдаг юмаа Тэгшээ тэр бүр ярихгүй. Тэгж явсаар маш сайн ярилцагч болсон гэдэг. “Энхээ эгч л ойлгож, зөвлөхөөр ч юм шиг. Хойноос хараад дурлачихсан юм шиг хөөцөлдсөөр байгаад дотноссон. Амьдрал, ажлын талбар дээр ч хариуцлагатай, чамбай. Сайтаа байгуулчихаад Энхээ эгчийг ороод ирнэ гэж эхэндээ бодоогүй. Өнөөдрийнх шиг сайт нь хөлөө олоогүй байхад яг юу хийхээ хэн хэн нь мэдээгүй л хамтарсан” гэдгийг Тэгшээ ярилаа.

Ub.Life сайтыг үүсгэн байгуулсан эхний он жилүүдэд Энхээ эгчийнхээ цагийн үрсэн ч, өөрт нь итгээд өнөөг хүртэл хамт яваад нь Тэгшээ баярладаг. Бичих дуртай юмнуудаа хийнэ. Түүнийг сонинд байснаасаа илүү жаргалтай байгаа болов уу? гэж боддог. Хүн байгаа газраасаа аз жаргалыг мэдрэх нь өөрөө юутай харьцуулж, зүйрлэшгүй үнэт өвийг бий болгож буйгаас өөрцгүй.

Тэгшээ анх компаниа байгуулчихаад сэтгэл хөдлөлөөрөө олон хүн авчиржээ. Тэгэхэд Тэгшээгийн өмнөөс хамгийн их санаа зовох хүн нь Энхээ эгч байв. Цай, кофе, сахараас эхлээд хөргөчиндөө байлгах ойр зуурын юмыг компанийн санхүүгээс аваад тавьчихана. Барууны том компаниуд тийм байдгаас дөнгөж эхэлсэнд нь үргэлж тийм байна гэдэг хэцүү. Нэг өдөр “Энийгээ боль” гээд хэлээд Тэгшээгийн уурыг хүргэжээ. Уг нь сайн санаад хэлсэн байгаа юм. Хариуд нь Тэгшээ “Ийм л байх ёстой” гээд гөжжээ. Тэнд ажиллаж байгаа хүмүүс таатай боловч компани нь тийм байлгах хэмжээнд хүрсэн үү гэхээр чамлалттай. Хэдэн сарын дараа хэцүү болоод ирнэ, хангамж тасарна. Гоё юмнууд эхнээсээ байхгүй болно. Гэвч Тэгшээ олоод л ирнэ. “Санчирын маань цалин буугаад” гэж кинонд гардаг шиг. Юу л байна, түүгээрээ...

Энэ байдлыг анзаарсан Энхээ эгч өөрийнхөө хэрэглэх юмыг гэрээсээ авчраад шүүгээндээ хийж, хэсэг явжээ. Амьхандаа компанийн юмнаас нь хэрэглэж, хороохгүй байх санаа. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа юм. Тэгшээгээс цалин авч байж урсгал зардлаа төлүүлээд байх зохимжгүй. Энхээ эгч хэмнэх гээд байдаг. Тэгшээ олж ирснээ зориулах гээд байдаг. Өнөөх л зангаараа.

Баярлах, харамсах нь зэрэгцсэн нь...

Зорьж, зориглож, хийсэн бүтээлийнхээ ард гарах, сонины шаргал хуудаст нийтэлснийг нь харах сэтгүүлч хүнд цаанаасаа бахархал төрүүлж, дараагийн материалын эрэлд гарах хөшүүрэг болдог. Олон улсын харилцааны мэргэжилтэй Энхээ эгч “Өнөөдөр”-т сэтгүүлчээр ажиллах хүртлээ удсан гэдэг. Зорьж, эзэмшсэн мэргэжил нь олон улсын харилцаа юм болохоор Монгол Улсад хийсэн том хэмжээний айлчлал, ялангуяа ОХУ, Хятадын Төрийн тэргүүн ирэхэд урьдчилаад толгойдоо аль эрт тоймлочихсон байдаг байв. Үзэг гүйцдэггүй болтлоо шатна. Тэгж явахад нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс А.Бэйкер албан тушаалаасаа буусны дараа Монголд ирэх тов гарчээ. Монгол даяараа, төрийн төвшинд баярлаж, хөөрцөглөөд сүйд. Харин Энхээ эгчийн хувьд Жеймс А.Бэйкерийн Монголд ирэх болсон шалтгааныг өөрөөр харж, толгойдоо хэдийнэ буулгасан байв.

Энэ үед Бал эрхлэгч сонины редакцидаа Жеймс А.Бэйкерт нэлээд ач холбогдол өгчихсөн орж иржээ. Хариуд нь АНУ Монголын харилцаанд ач холбогдолгүй зөвхөн бизнесийн лоббигоор ирж буй, тиймээс бэсрэг наадам зохиож, дээл хувцас бэлэглэх шаардлагагүй. Юмыг том харж сурах хэрэгтэй гэсэн санаагаа хэлж, жижигхэн тойм, шүүмжлэлт байр суурь бичихээ илэрхийлсэн байна. Үүнийг сонссон Бал эрхлэгч огт эргэлзэхгүйгээр дэмжиж, “За Энхцэцэгээр бичүүлнэ. Нэгдүгээр нүүрэнд тавиулна” гэжээ.

Монголын "Пулитцер"-т хошой шагналтан тодорлоо

Хэлсэн ёсоор бичлээ. Жижигхэн атлаа гол санаагаа шигтгэж, донжтой бичдэг нь Энхээ эгчийн өнцөг. Гэтэл нэгдүгээр нүүрэнд дөрөвний нэгээс бага хэмжээнд нийтлэл гарснаас автор нь гээгджээ. Айж, болгоомжилсондоо реклам тулахаар нь автор нь автоматаар хаягджээ. Уг нь Энхээ эгч маш их баярлаж бичсэн юм нь. Өглөөний шуурхай дээр Бал эрхлэгч магтсан ч “Яг чиний зан чанар харагдаж байна. Чи ийм аймхай байхгүй юу? Гэсэн нь шууд комплекст орох нь тэр. Олж харсан санаагаа өөрөө бичиж, эрэл хайгуул хийж байж бичсэн, өөр хаана ч гараагүй, гарахааргүй сэдвийн малгай болсон автороо тавиулж чадаагүй нь сэтгүүлч хүнд хайран. Зарга хийгээд явдаг хүн биш юм хойно сурсан зангаараа чимээгүй орхисон гэдэг. Уг нь өөрөө зогсож байгаад автороо тавиулах ёстой асуудал. Тийм нэгэн харамсал одоо ч Энхээ эгчийн сэтгэлд үлджээ. Гэхдээ маш эрт буюу 2004-2005 оны үед болоод өнгөрсөн нь тайвшрах шалтгаан болдог.

Тэгшээ сонинд ажиллаж эхэлсэн үеэсээ “Гоодаль” сэтгүүлийг уншдаг нэгэн байж. Цаанаасаа сонирхол татсан, цагаан атаа төрүүлсэн нийтлэл, ярилцлага тэнд гарна. Сонинд мэдээ хийгээд суугаад байдаг. Харин “Гоодаль”-д хувь хүний тухайлсан хөрөг, ярилцлагууд гарна. Уншихын баяр цэнгэл төрнө. Найз Б.Эгшиглэн уран зураг, хөгжим, кино руу Тэгшээг татаж оруулаад удаагүй байсан үе. Нэг өдөр зураач Ж.Гэрэл агсантай хийсэн А.Амармэндийн ярилцлагыг “Гоодаль”-иас уншсан Тэгшээ түүнтэй ярилцах хүсэл нь оргилжээ. Гэхдээ яаж...? Асуулт хариултаар хийвэл А.Амармэндийн ярилцлагыг давж гарахгүй гэдгийг тэр мэдэж байв. Эхний ээлжид Эгшиглэнгээр дамжуулан зураач Ж.Гэрэл агсантай урланд нь очиж уулзахад охиныхоо хөргийг зурах гээд бэлтгэж буйтай нь таарчээ. Тухайн үед нийтлэлийн гол дүр 40 орчим настай байсан болоод ч тэр үү өөрийнх насанд охин ямар байхыг төсөөлж зурахаар төлөвлөснөө хэлжээ. Үүнийг сонссон Тэгшээ охиных нь хөргийг эхлэхээс дуустал нь уулзаж, ярилцахаар тохирч, ирэн очсоор долоо хоногийг зарцуулсан байна. Сонины сэтгүүлч сэтгүүлийн хурдаар анх удаа ажиллаж, нийтлэлээ “босгосон” нь тэр.

Гол агуулгаа “Гэрлийн хурдаар 2041 онд охиных нь нас нь тэнцэнэ” гэсэн чиглэлийг шугамаа болгож, хийсээр “Өнөөдөр”-т нийтлүүлж, өөрөө түүнийгээ унших нь Тэгшээд асар их баяр цэнгэлийг төрүүлжээ. “Үнэхээр л гоё юм хийж чадах юм байна. Сонин дээр гарч болдог юм байна” гэсэн бодол толгойд нь зурсхийж, дараа дараагийн юмаа хийхэд том урам өгчээ. “Барууны сэтгүүлзүйн бүтээл болсон байна” хэмээх магтаалыг Тэгшээ сониныхоо хүрээллээс хүсч байсан гэлтэй. Олон жилийн дараа А.Амармэнд таараад “Гоё болсон байна лээ. Би тэгж хийж чадахгүй” гэж хэлэхийг сонсоход улам их урам зоригийг авсан гэдэг. “Өнөөдөр” сониноос Тэгшээ, Эгшиглэн хоёр л “Гоодаль”-д гарсан нийтлэл, ярилцлагуудад атаархдаг байсан бол тэрнээс давсан материал бичиж гаргах өдөр түүнд ирэхийг магадгүй магадгүй тэрбээр мөрөөдчихсөн явж байсныг үгүйсгэхгүй.

Тэгшээ анх үүсгэн байгуулсан сайтаа мэдээнийх гэж бодсон. Гэвч бусад мэргэшсэн сайтыг хэзээ ч гүйцэхээргүй санагджээ. Өөрөө ч мэдээгээр өрсөлдөөд чадахгүй, хоёрдугаарт хүсээгүй гэдгээ ойлгосон байна. Тиймээс өөр оролдлого хийе гэсэн ч өөрөө түүнийгээ ойлгохгүй явсан үе бишгүй олон. Энэ үед нь “Наадхаа боль” гэж хэн ч хэлээгүй, түүнийг зэмлээгүй. Дэмжээд л явжээ. Бусдаас өөр байж уншигчдыг татна гэдэг өгөгдлөөр цэвэр мэдрэмжээрээ явахыг ч Тэгшээ илүүд үзэх болсон байна. Өөрийн гэсэн онцлогтой, түүнийг нь чадах ёстой гэх түүний зорилгод С.Батбаатар эрхлэгч итгээд сүүлдээ байгууллагын асуудалд оролцохоо больсон гэдэг. “Өнөөдөр” гэсэн их айлаас өрх тусгаарлаад ирсэн Энхээ эгчид ч Тэгшээгийн мэдрэмжийг хүндэтгэх итгэл хэдийнэ төрсөн байв.

Хэзээний сонины школтой Энхээ эгч хамт олныхоо уур амьсгалд уусах л ёстой. Тэгшээ сэтгүүлзүйд мультмедиа төрлийг нэвтрүүлэхээр зориглоод явж байхад түүний нь сурах л үүрэгтэй. Гэвч Энхээ эгчийн удаан бодож сонгосон зураг нь Тэгшээгийн сэтгэлд нийцэхгүй байх нь нэгээр тоологдохгүй олон. Олон зургийг слайдаар хийх стандарттай атал Энхээ эгч сониныхоо школоор өрөх зэргээр асуудал хаа нэг гарна.

Хэрвээ сэтгүүлч болгон нь дуртай юмаа хийгээд байвал өөрөө өөрсдөдөө зориулсан сайт болно. Тэр хэрээрээ уншигчаа алдана гэдгийг мөнгө төгрөгөө алдаж байж ойлгосноо Тэгшээ хэлнэ лээ. Үүнийгээ “Сайн нийтлэл бичээд байхад уншигчгүй бол бичээд яах юм. Гол нь уншигчид юу хүсч байна, түүнийг хийнэ. Мөнгөн дээр асуудал гараад ирэхээр ойлгосон. Сонирхолтой байх хэрэгтэй. Уншигчийг татсан байхад юу ч өгч болно. Үүнийг эртхэн ойлгосон нь зол. Сайтынхаа бүтцийг 10 гаруй удаа өөрчилсөн. Хөндлөнгийн хүмүүс бол “Чи одоо боль. Галзуурчихсан байна” гэх байх. Үнэндээ эхэн үедээ бол тоглосон байхгүй юу. Тэр бүгдэд хүлээцтэй байсан” гэж тайлбарласан юм.

Ub.Life сайтын бүтэц харьцангуй залуу үеийн төлөөлөлд багтана. Энхээ эгч ч энэ төрөлд багтана гэдгийг Тэгшээ онцолсон. Бүгдээрээ сониуч. Харж байгаа өнцөг, бичиж байгаа өгөдлөл нь ч. Өдгөө энэ айлынхан 13-14-үүлээ үйл ажиллагаа явуулж байна. Хүн бүрийг эрэг, шураг, эд эс гэвэл үүнээс хамгийн гоё, ноён нуруу нь Энхээ эгч. Тэр бол Ub.Life сайтын маш том дээл. “ӨНӨӨДӨР”-өөс зориод ирсэн нь өөрөө АЗ ЖАРГАЛ. Юмаа бичээд сууж байгааг нь хараад баярладаг нь Тэгшээгийн баярлах нэг шалтгаан.

“Би одоо л эхэлж байгаа сэтгүүлч. 25 жилийн туршлагаас харахад. Өмнө нь өдөр тутмын сонинд ажилсаг шоргоолж байсан. Төлөвлөгөө тасалж, загнуулж үзээгүй. Ийм зай гарчихлаа гэхээр зөөлөн чихтэйгээрээ хийж л байсан. Энэ 25 жилд МУИС-ийн сэтгүүлзүйг төгссөн юм шиг санагддаг. Миний 40 хэдэн нас бол хамгийн гоё нь. Хувь хүнийхээ хувьд задарсан үе. Үр хүүхэд маань эхнээсээ ажил, амьдралын захад ирлээ. Нийгмээ, залуу үеэ ойлгох, ахмад үеэ хайрлан хүндэтгэх үеүдийн дунд тэгнээд зогсчихсон байна, хүнийхээ хувьд. Ийм насны сэтгүүлчээс юу гарах вэ? мэдээ бичээд ч яах билээ. Чадна л даа.

Өөрийнхөө бичиж эхэлсэн хөрөг  нийтлэлийг юу гэж нэрлэхээ ойлгодоггүй. Мөн үү биш үү? гэдгээр нь. Үеийнхэндээ хэлмээр байна. Бид болоогүй байна. Бага балчир, залуу үеэ харж байна. Бидний үеийн эцэг, эх өндөр насны хүмүүс болсон байна. Хорвоогийн тэгнүүр насан дээр ирсэн байна. 40 хэдэн настай сэтгүүлчид бол ид насныхан. Телевизүүд ийм насны хүмүүсээрээ юм хийлгээсэй. 40 хэдтэй сэтгүүлчдийн авьяас бэлэг гэхээсээ хүнийхээ хувьд задарчихсан, хорвоогийн мөн чанарыг ойлгочихсон туршлагыг нь ашиглаасай. Сонин, сайтууд үнэлж, ажлын фронтод дайчлаасай. Би бол ийм л хүн. Миний амьдрал яг үнэ цэнэтэй дээрээ байна” хэмээх Энхээ эгчийн үг ч Тэгшээгийн АЗ ЖАРГАЛ-д хүч нэмэх үг юм.

С.Гандөл