С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
П.Анужин: Ирээдүйгээсээ мөнгө харамлаж байгаа нь Монгол Төрийн эмгэнэл
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүд Засгийн газрын сайд нараас асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин үдийн цай хөтөлбөрийг "Үдийн хоол" болгох тухай хуулийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр "Есдүгээр сараас эхлэн сургуулийн хүүхдүүдэд шим тэжээлтэй, халуун хоол өгнө гэж амласан. Үүнийг УИХ баталж, ажлын хэсгийг би ахлан хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Есдүгээр сараас эхлэн бага ангийн сурагчдад халуун хоол өгч, 2022 оноос эхлэн дунд, ахлах ангийнханд шатлалтайгаар өгч ажилахаар бэлдэж байгаа. Бид байж болох хамгийн бага зардлаар төсөвлөж хүүхдүүдэд шим тэжээл сайтай халуун хоолийг өгөх тухай судалгаа шинжилгээ хийж, мэргэжилтнүүдтэй уулзсан. Энэ төслийг нэн яаралтайгаар шийдэх тухай мөн төсөв, зардлын талаар Байнгын хорооны тогтоолд тусгаж хүсэлт явуулсан. Гэтэл энэ төслийн талаар УИХ-ын жилийн төлөвлөгөөнд нэг ч өгүүлбэр байхгүй байгаад харамсаж байна. Ирээдүй хойч болсон хүүхдүүдэд өгөх хоолны тухай байж болох хамгийн бага зардлаар төсөвлөнө гэдэг өнөөдөр Монгол Улсын эмгэнэл. Улсын хөгжлийг эрүүл иргэнгүйгээр төсөөлөгдөшгүй. Гэтэл эрүүл иргэнийг бүрдүүлдэг гол зүйл эрүүл хоол, хүнс байдаг. Хүн амын дийлэнх хэсэг нь нэн ядуу байгаа. Үүнээс зарим хүүхдийн үдийн хоол нь тэр өдрийнх нь өдрийн хоол болох ч үе байна. Вакцинаас илүү дархлаа чухал энэ үед нэн ялангуяа үр хүүхдийнхээ дархлааг дэмжих тухай төслийг хойш тавьсаар байх уу" гэлээ.