С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Н.Баярсайханаас хураасан 639.2 сая төгрөгийг улсын орлого болгожээ
АТГ-аас Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асанд холбогдох "Оймсны" гэх хэргийг шалгах явцад хураан авсан 639.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгожээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа иргэд, аж ахуйн нэгжээс хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн юм.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы орон сууцанд нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань, мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон бөгөөд дээрх мөнгө, валютыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэжээ.
Иймээс битүүмжлэгдэн хадгалж байсан нийт 639,244,450 төгрөгийг АТГ-ын мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушаасан байна.
Энэ хэргийн өөр нэг холбогдогч болох Э.Аззаяад холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Аззаяагийн өмчлөлийн Рапид хотхон дахь орон сууцнаас 57.4 сая төгрөг, 20 мянган юань эд мөрийн баримтаар хураан авсан байна.