Эмч нарт олгох сая төгрөгийг шилжүүлж эхэлжээ

2021 оны Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад нэг удаа хоёр сая төгрөг олгохоор тусгасан. 

Энэ хүрээнд долоо, наймдугаар сард хувааж олгох тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолж байсан юм. Тэгвэл төсвийн эхний санхүүжилтээс эмч нарт олгох нэг сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхэлжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан бөгөөд тус бүр 1 сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхлээд байна. Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье" гэжээ.