НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Гадаад иргэд Монголын ченжүүдээр дамжуулж, соёлын өвийн хулгай хийх нь олширчээ
Соёлын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд нийслэл болон орон нутаг соёлын өвийн хулгай гарах нь олширчээ. Тухайлбал, 2017 оноос хойш нийт 25 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалт хийсэн байна. Үүнээс 11 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоож, есийг нь шалгаж эхэлжээ. Харин түүх соёлын дурсгалт эд өлгийн зүйлсийг хадгалж буй музей, хийдэд үйлдэгдсэн хулгайн хэрэг жил ирэх тусам нэмэгджээ.
Энэ талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр “2021 оны эхний найман сарын байдлаар соёлын өв, түүх соёлын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг долоо гарсан. Үүнээс зургааг нь цагдаагийн байгууллага илрүүлэн, холбогдох этгээдүүдийг барьсан. Одоо нэг хэрэг дээр нь ажиллаж байна. Нийт таван этгээд зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай гэсэн гурван аймаг, Сонгинохайрхан, Багануур дүүргийн хийдүүдээс Майдар бурхан 3, Богдзонхав бурхан 2, Занабазар бурхан 1, зэс бурхан 1, Алтангэрэл судар, эмээлийн тоноглол хулгайлсныг тогтоосон.
Соёлын өвийг хулгайлсан 5 этгээдийн хоёр нь ял эдэлж байсан. Өршөөлөөр суллагдсан. Аялал зугаалгаар явах нэрийдлээр музей, хийд зэрэгт орж хулгайлах зүйлээ судалдаг. Соёлын өвийн хулгайг эртний эдлэлийн ченжүүд хийдэг. Удаа дараа ял шийтгэл авч байсан иргэд гэмт хэрэг үйлдэж байна. Монголд түр хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн захиалгаар соёлын өвийг хулгайлдаг. Амар хялбар аргаар ашиг олох зорилгоор эртний ургамал, археологийн олдворыг зарж худалдаалах гэмт хэрэг гарч байна.
Аливаа иргэн өөрийн эзэмшдэг соёлын өвийг бүртгүүлэх ёстой. Үүнийг мэдэхгүй, бүртгэлгүй байгаагийн улмаас цагдаагийн байгууллагын ажилд хүндрэлд учирдаг. Соёлын өвийн гэмт хэргүүд зохион байгуулалттай болсон. Худалдан авагч, худалдаалагч байна. Тэднийг холбодог зуучлагч бий. Энэ тал дээр бид олон улсын байгууллагатай харилцаж байна” гэлээ.
Харин “Энэ төрлийн гэмт хэргийг төрөөс арга хэмжээ авч зогсооно гэдэг хүнд. Тиймээс иргэд туслах хэрэгтэй. Орон нутаг дахь булш, хиргисүүрийг тонон дээрэмдэх гэмт хэргийг зогсоохын тулд иргэдийн оролцоо чухал. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг нэг хүн хүлээдэггүй. Улс орон цаашлаад дэлхий даяараа хүлээдэг. Музей, соёлын байгууллагад хадгалагдаж буй зүйлсийг хамгаалахын тулд харуул хамгаалалтын гэрээт байгууллагатай хамтран ажиллахаар ярилцаж байна. Хадгалалт хамгаалалтад тулгардаг хамгийн том асуудал бол барилга байгууламжийн асуудал. Монголд нийт 700-800 албан хаагчид соёлын өвийг бүртгэж судлах хадгалж хамгаалах үүрэгтэй ажиллаж байна. Соёлын өвийн бүртгэл, судалгаатай холбоотой ажлууд маш их цаг хугацаа, өртөг шаарддаг ажил. Түүх соёлын дурсгалт зүйлийг мөнгөн хэмжээгээр үнэлж хохирлыг тооцох чухал биш. Энэ төрлийн гэмт хэргийн хохирлыг нийт ард иргэд, хүн төрөлхтөн л үүрдэг” гэдгийг Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн онцоллоо.