С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Т.Аюурсайхан: Б.Жаргалсайхан прокурор үүнийг сонсож байгаа бол анхааралдаа авах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан санал хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэхээр орж ирсэн байгаа. Тэгэхээр энэ асуудлыг холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулаад төрийн нууцаас гаргахгүй бол маш нууцын зэрэглэлтэйгээр цаашдаа хаалттай хэлэлцэхийг буруу гэж бодож байна.
УИХ-ын дарга ч надтай санал нэгдэх байх. Үндсэндээ нууц байдгийн зорилго нь нууж байгаад хадгалж, хамгаалах үзэл баримтлалтай. Гэвч одоо нууж байгаад хулгайлдаг болсон. Эрдэнэсийн сангийн өнөөдрийн хэлэлцэх асуудалд нуугаад байх зүйл байхгүй. Сүр бадруулж, далимдуулж цаана нь олон асуудлыг нуудаг, ихэнх нь гэмт хэргийн зөрчилтэй, Эрдэнэсийн санг хохироосон байгаа. Ер нь бол Монгол Улсын Эрдэнэсийн сан байхгүй шахуу болсон. Үүнийг олон хүн мэдэж байгаа. Нууц гэдэг нэрээр материалыг нь дэлгэж болдоггүй.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай хүртэл Эрдэнэсийн сангийн захирал бэртэйгээ нийлээд тус санг хохироосныг би Ажлын хэсгийн дүгнэлттэйгээр тогтоогоод гаргаад ирсэн. Энд хохирлын хэмжээ нь ч тодорхой байгаа. Гэтэл улсын нууц гээд материалыг нь дэлгэж болохгүй байна. Шинээр сонгогдсон Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан үүнийг сонсож байгаа бол анхааралдаа авах хэрэгтэй. Цаашдаа нэг бүрчлэн хөөж, хянаж, хариуцлагыг нь ногдуулах шаардлагатай. Нууж байгаад хамгаалах, хадгалах биш хулгайлдаг, алдагдаад буй учраас энэ асуудлыг улсын нууцаас гаргаж, олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй. Олон нийтийн хяналт бол хамгийн сайн хамгаалалт мөн.
Шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтээ би өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа. Энд маш олон зөрчил байна. Зөрчил гаргасан Г.Золжаргалыг баривчлаад хэдхэн цагийн дотор суллачихдаг. Төрийн дээр гаргчихсан хүчтэй байна. Мөнгө хэвлэдэг газар болохоор ийм байдаг юм уу. Энэ асуудалд анхаарч, Эрдэнэсийн санг ил болгож, зөрчлийг нь хараа, хяналтад оруулах шаардлагатай. Хуучин мөнгийг өөрсдөө аваад дараа нь буцаагаад өндөр өртгөөр шахдаг зэрэг энэ олон асуудал удаан үргэлжилж болохгүй. Тиймээс төрийн нууцаас гаргах онцгой ач холбогдол байна" гэсэн юм.