С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ШХА-ын Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй төслүүд өндөр үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна гэв.
Хатагтай Стефаны Бурри, Улсын Их Хурлын даргатай дахин уулзаж буйдаа баяртай байна гээд Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг дэмжин ажилладагт Г.Занданшатар даргад талархал илэрхийллээ. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах чиглэлээрх Монголын парламентын идэвх, санаачилгуудыг нь талархан дэмжиж байгаагаа онцлов. Монгол Улсын Их Хуралтай хамтран хэрэгжүүлсэн өмнөх төслүүд өндөр үр дүнтэй болсон нь “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн II шат болох “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлэх болсон нэг чухал шалтгаан болохыг тэрбээр тэмдэглэн хэллээ.
“Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл нь харилцан уялдаа бүхий хоёр дэд төслөөс бүрдэнэ. Тодруулбал, Швейцарын Парламентын Тамгын газрын техникийн туслалцаатайгаар Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хяналтын чиг үүргийг бэхжүүлэх зорилго бүхий “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл болон бэлчээрийн менежмент, төрийн үйлчилгээг сайжруулахын тулд шинэхэн батлагдсан орон нутгийн засаглалын хуулиудын хэрэгжилтийг дэмжиж, бодлогын дэмжлэг үзүүлэх “Нутгийн удирдлагын байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төсөл юм. Эдгээр дэд төслийн үйл ажиллагаа 2021 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хэрэгжүүлэгч байгууллага нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газар байх бол “Нутгийн удирдлагын байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслийн хэрэгжүүлэг байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байх юм.
“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл нь Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэх замаар засаглалын тогтолцоог сайжруулах зорилготой. Энэхүү дэд төслийн хүрээнд хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, засаглалын ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх замаар институцын үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх юм.
Уулзалтын төгсгөлд хатагтай Стефаны Бурри, Улсын Их Хурлын даргад “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд үйлдвэрлэгдэж буй сарлагийн арьсаар хийсэн хөл бөмбөгийг бэлэглэв. Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” төсөлд хамрагдсан малчдын бэлтгэсэн мөшгих тогтолцоотой, чанартай сарлагийн арьсаар энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн болох хөлбөмбөгийг үйлдвэрлэсэн байна. Энэ бол “Хариуцлагатай Нүүдэлчид” стандартын брэнд бүтээгдэхүүний нэг гэдгийг тэрбээр танилцуулав. Хөлбөмбөг бол багийн тоглолт, үүн шиг Монгол Улсын төр засгийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдээ бүх талаар дэмжиж, Улсын Их Хурлын зүгээс эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд хамтарвал амжилтад хүрэх боломж бий хэмээн хэллээ. Олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчидтэй “The HU” хамтлаг ч энэхүү төслийг дэмжин, өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж байсан талаар хатагтай Стефаны Бурри мэдээлэл өгсөн юм.
Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн төслүүдийн гайхалтай үр өгөөжийн талаар мэдээлэл өгсөнд Улсын Их Хурлын дарга талархаж, Улсын Их Хурал жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээллээ. Цар тахлын нөхцөлийн улмаас Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа цахим платформ руу шилжсэн. Хууль, тогтоолын төсөл боловсруулах үйл ажиллагааг lawforum.parliament.mn, хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэгт иргэд, олон нийт оролцох бололцоог lawforum.parliament.mn цахим платформуудаар дамжуулан бүрдүүлээд байгааг дуулгав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн талаар ярилцлаа.
“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлаг 2021 оны наймдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан. Тус дэд төслийн төлөвлөгөөнд нотолгоонд суурилсан хууль боловсруулах үйл ажиллагааг дэмжих, хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй байх зарчмыг парламентын үйл ажиллагааны бүхий л үе шатад нэвтрүүлэх, Олон Улсын Парламентын Холбоо болон Швейцарын Парламентын Тамгын газартай хамтран хууль тогтоох үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн эсэхэд үнэлгээ хийх, парламентын хууль тогтоох чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тусгасан. Түүнчлэн Швейцарын парламентын болон бусад орнуудын парламентын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны шилдэг туршлагыг судлах, энэ чиглэлээр Швейцарын парламентын Тамгын газартай хамтран семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж туршлага солилцох үйл ажиллагааг биет болон цахим хэлбэрээр зохион байгуулах юм.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаар болон албан бусад хүмүүс байлцлаа Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.