Л.Энх-Амгалан: Робот, автоматжуулалт, IT, мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг бэлтгэх шаардлагатай

 

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Синг нарын холбогдох албаны хүмүүс оролцжээ. Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд 864м2 талбай бүхий 10 давхар барилга баригдах бөгөөд 700 гаруй хүнийг ажлын байраар хангах юм байна. Барилгыг ирэх онд ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд сурталгүй, авлигагүй, цахим засаглалыг бий болгох Засгийн газрын зорилгын хүрээнд хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалт, IT, мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг бэлтгэх шаардлагатай байгаа. Аутсорсингийн төв нь үүнд ихээхэн хувь нэмрээ оруулах чухал төсөл гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолсон байна.

Элчин сайд хоёр улсын хамтарсан энэхүү төслийг хэрэгжүүлснээр цахим Монгол хөтөлбөрт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Мөн тэрээр "IT, аутсорсинг, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид 16 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж хамтарч ажиллана" гэсэн байна.

Уг төслийг дараах ач холбогдолтой гэж үзжээ.

  • Монгол залуус эх орондоо мэдээлэл харилцаа холбоо, технологийн чиглэлээр,
  • чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэн дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэнэ,
  • Сүүлийн үеийн технологийн мэдлэг, ур чадварын үндэс суурийг Монгол Улсад нэвтрүүлэх,
  • Орчин үеийн мэдээллийн технологийн орчинг ашиглан дэлхийн стандартад нийцсэн боловсрол олгох,
  • Бизнесийн шинэ боломжууд нэмэгдэж, дэлхийн стандартын дагуу ажиллан аутсорсингийн үйлчилгээнээс орлого олох боломжийг бүрдүүлэх юм.