С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
36 жилийн туршлага шингэсэн ааруулан чихэр
Ховд аймгийн хүнсний үйлдвэрийн ахмад ажилтан Х.Тамара гуай эрүүл эко аруулан чихрийг уламжлалт аргаар үйлдвэрлэж, ард олныхоо дунд хүндэтгэл хүлээсэн буянтай буурай. 1967 онд Хүнсний техник мэргэжлийн сургуулийг төгсөж, хүнсний үйлдвэрт тасралтгүй 36 жил ажиллажээ. Энэ хугацаанд аймгийн болон үйлдвэрийн аваргаар таван удаа шалгарч хүнсний тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хүртэж, хийсэн ажлаа төрдөө үнэлүүлсэн нэгэн.
“Дээхэн үед ааруулан чихрийг үйлдвэрлэдэг байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шатгаалж, үйлдвэрлэл зогссон. Улсаас ааруулны орц найрлагад орох бүхий л зүйлийг хангаж өгдөг байлаа. Одоо хувиараа хийж байна. Түүхий эдийн олдоц хомс, өндөр үнэтэй байна” гэдгийг тэрбээр онцоллоо.
Орчин цагт хүмүүс эрүүл зөв хооллож, эко бүтээгдэхүүн, тэр дундаа цагаан идээний хэрэглээг амьдралдаа хэвшүүлж эхэлсэн учраас Х.Тамара ааруулан чихрээ дахин хийж эхэлжээ. Ээжийнхээ өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, хүү нь тусдаа ажлын байр барьж өгснөөр, тохь тухтай орчинд ажиллах бүрэн боломжтой болжээ. Ааруулан чихэр хийхэд ажиллагаа их. Аарцны эрэлд гарч, айл, саахалтаар явна. Гар ажиллагаар бүтэхээс гадна олон шат дамжлагатай тул зориулалтын тоног төхөөрөмжтэй болохоор төлөвлөжээ.
“Одоогоор нэг төрлийн ааруулан чихэр гаргаж байна. Чихрийн орцонд аарц, хөх тарианы гурил, элсэн чихэр, чихрийн хүчил ордог. Амтаны хэрэгцээг хангахаас гадна өег сайхан орцтой тул хоолыг орлох бүрэн боломжтой. Цаашид нэр төрлөө нэмэгдүүлж, байгалийн бүтээгдэхүүн болох жимсний орц найрлагтайг гаргана” гэдгийг Х.Тамара гуай хэлсэн юм.
Түүний хийж байгаа ааруулан чихэр үнийн хувьд кг нь 18 мянган төгрөгөөр Ховд хотдоо худалдаалагдаж байна.
Захиалга өгөхийг хүсвэл Х.Тамар эгчийн 95405139 дугаар холбогдоорой.
С.Ичинхорлоо