С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Лүндээжанцан: Нийт 31 хуульд өөрчлөлт оруулахаас 12-ыг нь хэлэлцэж, баталсан
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсохооор Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзжээ.
"Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын хоёрдугаар тогтоолд 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагдсанаас 12 хуулийг УИХ хэлэлцэн баталсан. Ирэх намрын чуулганаар нэн яаралтай батлах шаардлагатай хэд хэдэн чухал хуулийн төслүүд хүлээгдэж буй тул бэлтгэл ажлын явц болон бусад асуудлыг хэлэлцэхээр энэхүү уулзалтыг зохион байгуулж байна" хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар улзалтын эхэнд хэлсэн байна.
Тус тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан хийсэн мэдээлэлдээ, "Нийт 31 хуульд өөрчлөлт оруулахаар тогтсон бөгөөд үүнээс одоогийн сарын байдлаар УИХ 12 хуулийг хэлэлцэн баталсан, хэлэлцүүлгийн шатанд дөрвөн хуулийн төсөл байна. Үүнд, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа, ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай хуулиудын нэг юм. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль нь хэлэлцүүлгийн шатанд байна" гэжээ.