С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Жавхлан: Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр “Төрийн болон Хөгжлийн банкны хөгжлийн чиг үүргийг нэмэлтээр эрчимжүүлэх танилцуулгыг хийлээ. Төрийн банкийг нийгмийн дундаж давхаргад илүү үйлчлэх бага орлоготой хэсгийг бойжуулж тэдгээрт шаардлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг болгоно. Үйлчилгээний цар хүрээ илүү тэлнэ. Төрийн банктай хамтарч ажиллана. Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоос шалтгаалж өөр, өөр байдаг. Монгол Улсын хувьд 1-3 сая төгрөг хүртэлх өрхийн дундаж орлоготой хэсгийг нийгмийн дундаж давхарга гэж үздэг. Харин олон улсад тухайн өрх нь сарынхаа орлогоороо ипотекийн зээл, машиныхаа өрийг төлөөд бусад хувийн хэрэгцээгээ ханган хуримтлал үүсгэдэг өрхүүдийг нийгмийн дундаж давхаргад ордог.
Нийгмийн дундаж давхаргыг шинээр бойжуулах, энэхүү санхүүгийн эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулж биелүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс тус банкны үйл ажиллагааны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна.
Хөгжлийн банкыг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ. Учир нь Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна. Нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Нийт зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг байгаагаас нэг их наяд нь чанаргүй зээл. Шинээр зээл өгөх чадамжгүй. Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанкнаас хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарна” гэв.
Мөн “Цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг ярихад эрт байна. Яг өнөөдрийн байдлаар 2022 оны төсвөө боож эхэлж байна. Хуулийн хугацаандаа буюу аравдугаар сарын 1-нд ирэх оны төсвийг УИХ-д өргөн барина. Тэр үед илүү тодорхой болно” гэдгийг онцоллоо.