С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Сумъяабазар: Улаанбаатарыг хот шиг байлгахын тулд иргэд нь соёлч, боловсон байх ёстой
Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүдтэй уулзах үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар авч хэрэгжүүлэх бодлогоо танилцуулжээ.
Тэрбээр "Улаанбаатар бусад хот шиг сайхан байхын тулд иргэд нь мөн тэдгээр орны иргэд шиг соёлч, боловсон байх ёстой. Тийм учраас нийслэлээс сонгогдсон УИХ-ын 23 гишүүн, НИТХ-ын 45 төлөөлөгч, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгч хамтраад иргэдийн дунд санал асуулга явуулах ёстой гэж бодож байгаа. Дүрэм боловсруулах Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва ахалж, туршлагатай баг боловсруулж байна. Иргэдийн зүгээс хороо, дүүрэг, хороололд тулгамдаж байгаа асуудлаа шийдүүлэх санал өгөх нь ойлгомжтой. Харин УИХ-ын гишүүд болоод шат шатны ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд норм норматив, стандарт дээрээ түлхүү ажиллаад өгөөч ээ. Иргэдийн хувьд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд саад учруулж буй зүйл бол стандарт. Тиймээс дүрэм, стандарт хоёр зэрэг шинэчлэгдвэл оновчтой. Урьд нь манай хот стандартын дагуу явж ирээгүй. Барилгын норм нормативын шаардлага хангаагүй барилга, байшингуудыг олноор нь барьж ирсэн байдаг. Суурь агуулгаар нь хөөгөөд үзэхээр буруутан нь хот биш юм билээ. Улаанбаатар хотын төлөвлөлттэй нягт уялдаж явах Барилга, хот байгуулалт, Зам, тээврийн яам зэрэг бодлогын яамд хотод барилга барих норм норматив, стандартад сүүлийн 15 жил өөрчлөлт оруулаагүй. Налайхын замыг гэхэд л хурдны замын стандарт гэх үү, орон нутгийн замын стандарт гэх үү, эсвэл Баянхошууны замын стандарт гэх үү. Ийм ойлгомжгүй байдал үүсэж байна. АНУ-ын замын стандартыг Монгол Улсын хэмжээнд нэвтрүүлсэн гэх боловч уг стандартын хамгийн эхний хуудсыг л орчуулаад бусдыг хаячихсан байх жишээтэй. Иймд норм норматив стандарт, бодлогын бичиг баримтуудаа хөгжилтэйгөө уялдуулж шинэчлэхгүй бол эргээд хот дээр асуудал нь буудаг тал бий. Энэ бүхнийг цэгцэлж байж дагуул хотоо барьж байгуулахгүй бол Улаанбаатар хотод тулгарсан гунигт байдал дагуул хотод давтагдахгүй гэх аргагүй.
Горхи, Тэрэлжийн бүс нутгийг аялал жуулчлалыг хөгжүүлэх, ялангуяа олон улсын шинжтэй арга хэмжээ зохион байгуулах бүс байгаасай гэж бодож байгаа. Тэгэхээр зуслангийн бүс, Горхи, Тэрэлжийн бүс нутгийг дахин төлөвлөлтөд оруулмааргүй байна. Харин стандартыг нь зааж өгөөд, дүрэм журмыг мөрдлөг болгомоор байгаа. Богд уулын ам, Туул голын эрэг, Яармаг орчмын газар бол хот болоод БОАЖЯ-ны маргааны гол цэг болдог. Үеийн үед л ийм байсан. БОАЖ-ын сайд нь газар олгочихдог, харин нийслэлийн зүгээс нэгдсэн журмаар олгох ёстой гэдэг. Дунд нь иргэд хохироод үлддэг. Үүнийг УИХ-ын дарга болоод холбогдох албаныхантай ярилцаж, хэлэлцээд цэгцлэх хэрэгтэй байна. Бидний зүгээс шаардлагатай материалаа илгээсэн бөгөөд үргэлжлүүлэн УИХ-аар хэлэлцэх байх. Нийслэлийн зүгээс бүх хил заагийг тодорхой заагаад, дахин Богд уулын аманд газар олгохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Дархан цаазтай газрын асуудлыг хатуу хуульчлах хэрэгтэй. Мөн Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүдтэй нийлээд Туул голын эрэг орчмыг тохижуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын зүгээс зургаан байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийхээр баталж, зураг төслийн ажил нь энэ сарын 16-нд бэлэн болсон. Тус зургаан байршилд стандартын дагуу, иргэдийн ая тухтай амрах, салхилах орчин нөхцөлийг нь бүрдүүлэхээр зорьж байна" гэжээ.