С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төрийн үйлчилгээг цахимжуулснаар 27 тэрбум төгрөг хэмнэжээ
Төрийн үйлчилгээний “e-Mongolia” системийн шинэчлэл, “И-Монгол академи” сургалт, судалгааны төв байгуулах, Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Засгийн газрын хуралдаанд Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.
“И-Монгол академи” сургалт, судалгааны төв нь цахим засаглал, дижитал шилжилтийн талаарх нэгдсэн бодлого гаргах, бусад байгууллагуудад зөвлөгөө өгнө, сургалт зохион байгуулна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын судалгаа, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, үндэслэлийг боловсруулах юм байна.
“E-Mongolia” систем 1,9 сая хэрэглэгчтэй, 3,3 сая үйлчилгээ үзүүлсэн, тус системд төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ оржээ. Хатуу хөл хорионы үед иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах нь зургаа дахин нэмэгдсэн байна. Нийт 1,2 сая иргэнд вакцины гэрчилгээ олгожээ. Иргэд төрийн үйлчилгээг авснаар төрийн байгууллага руу ирж очих зардал, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал, үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацааны зардал зэрэгт 27 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа хийжээ.
Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төв нь тусгай дугаар бүхий төрийн байгууллагууд болон бусад дуудлагын төвүүдтэй нэгдсэн уялдаа холбоогүй ажиллаж, хүний нөөцийн хүрэлцээгүйгээс иргэдийн дуудлага алдах, өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэхгүй орхигдуулах, эргэн хариу өгөхгүй байх, нэгдсэн байдлаар Засгийн газрын хэмжээнд иргэдийн санал хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэж хянаж чадахгүй зэрэг асуудал гарч байна.
Иймд тус төвийн үйл ажиллааг өргөжүүлэн, бүтэц орон тоо болон дуудлага хүлээн авах системд өөрчлөлт хийх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих, эргэн мэдээлэл үүрэг бүхий нэгж бий болгож, тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа олон газрын дуудлагын төвийн систем болон мэдээллийг Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвтэй холбож, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэл, хуваарилалт, шийдвэрлэлтийн эргэх холбоо бүхий хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлагатай гэж үзэж байна.