Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахалтай холбогдуулж тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээг авдаг.

Зургаадугаар сарын 30-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгаад байсан юм.