Хэнтийн Баянмөнх суманд шинээр барих авто зам дагуу газар олгохгүй

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын хамт тус аймгийн Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр чиглэлийн авто замын трасстай танилцлаа.

Баянмөнх суманд баригдсан гүүрийн асуудлаар сумын удирдлагуудтай уулзаж, шинээр баригдах авто замын дагуух газрыг иргэнд эзэмшүүлэхгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын лицензийн зорилгоор харьяа сумаас нь олгохгүй байх тал дээр санал нэгдлээ.

Түүнчлэн Баянмөнх сумын гүүрийг засварлах, арчлах шаардлагатайг Зам, тээврийн хөгжлийн сайд онцолж, орон нутаг анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

Чингис хот-Бэрх чиглэлийн 50 км авто замыг ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулна

Мөн ажлын хэсэг Чингис хот-Бэрх чиглэлийн 50 км авто замын гүйцэтгэлтэй танилцсан. Энэ үеэр замын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Наранбулаг хан” ХХК-ийн зүгээс нийт ажлын 90 хувийг гүйцэтгэсэн, далангийн ажил дууссан, 30 км замд суурь хучилтыг /асфальт/, эхний есөн км-т хоёрдугаар үеийн /асфальт/ хучилтыг хийсэн бөгөөд ажил нь чанартай урагштай явж буйг салбарын сайд сайшаав.

Тэд ирэх аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл замынхаа суурь /асфальт/ хучилтыг бүрэн, эхний 25 км замын хоёрдугаар асфальтан хучилтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд ирэх оны долдугаар сард бүрэн хүлээлгэж өгнө гэв.

Харин шинэ авто зам ашиглалтад ороход ачаа хэтрүүлэн ачсан хүнд даацын авто машиныг тусдаа замаар зорчуулах зохицуулалт хийхийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар орон нутгийн удирдлагууд болон зам засвар арчлалтын Харгуй ТӨХК, Авто тээврийн төвөөс хүслээ.

Уг авто зам нь долоон метрийн өргөнтэй, цементээр бэхжүүлсэн суурь, хөлдөлтөөс хамгаалсан үе, хоёр үеийн асфальт бетонан хучилт замын хийцтэй хийгдэж байна.

Чингис хот-Бэрх чиглэлийн эхний 20 км автозамыг “Наранбулаг-Хан”, “Анандын зам” ХХК-иудын түншлэл 2019 онд ашиглалтад оруулжээ.