НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
С.Энхболд: Есдүгээр сарын дунд үе гэхэд халдвар оргил үедээ хүрнэ
"Ковид-19"-ийн халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийж эхэлсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өгсөн юм.
Тэрбээр "Хөрш орнуудад халдвар өргөн тархаж байна. Манай улсад өнгөрсөн 6 сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Есдүгээр сарын дунд үе гэхэд халдвар оргил үедээ хүрэх эрдэмтдийн тооцоолол бий. Өнөөдрийн байдлаар дельта хувилбарын тархалт 50 хувьтай байна. Ирэх сарын 1-ээс хичээл сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбогдуулж судалгааны үр дүн, эрдэмтдийн гаргасан тооцооллыг үндэслэн шийдвэрийг гаргаж байна.
Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлэх шийдвэрийг гаргаж байна. Наймдугаар сарын 30-аас 55-аас дээш насны хүн боловсролын байгууллагын ажилчин, хүндэтгэх шалтгаант хүн хариу арга хэмжээнд оролцож байгаа зэрэг хүмүүсийг вакцинд хамруулна. Бидний тооцооллоор ойролцоогоор 450 мянган иргэн гуравдугаар тун хийнэ. Сайн дурын үндсэн дээр нэмэлт тунг хийх бөгөөд Синофарм, Пфайзер зэргээс өөрийн сонголтоор хийх юм. Ирэх сард халдварын тоо эрс ихсэх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай байна.
Манай улс PCR-т тулгуурлан шинжилгээ хийн, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн байна. Вакцины нөөц хангалттай, нийт 5 сая 730 мянган вакцин татан авчээ. Тиймээс долоо хоног бүр хуваарь гарган, файзер вакциныг гурав дахь тунд ашиглана. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд мөн Файзер вакцин хүлээж авна. Иймд гурав дахь тунг хийлээ гэхэд вакцины хомстол үүсэхгүй.
Цөөн тооны иргэн Спутник V вакцин хийлгэсэн. Энэ вакцинтай холбоотой судалгаа бага байгаа учир иргэд гурав дахь тунгаа АстраЗенека, Файзер вакцинаас сонгон хийлгэх юм байна. Нэмж хэлэхэд, халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэхгүй.
Сургууль цэцэрлэгийн хүүхэд, багш, ажилчдаас коронавирусийн шинжилгээг түүврийн аргаар авна. Бүх хүн эсвэл нэг ангийн бүх хүүхдээс авна гэсэн үг биш. Ялангуяа эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдээс гадна түүврийн аргаар авах болно. Синофарм үйлдвэрийн вакцин манай улсад тодорхой нөөцтэй байгаа. Бид одоогийн байдлаар нийт 36 удаагийн татан авалт хийсэн бөгөөд 5 сая 730 мянган вакцин татан авчээ. Ялангуяа нэмэлт тунгийн татан авалтыг долоо хоног бүр хийж байна. Одоогоор эхний ээлжийн хүмүүсийн тунг бэлдсэн.
Ковакс хөтөлбөрийн хүрээнд 800 мянга гаруй вакцин авах ёстой энэ тодорхой хуваарийн дагуу ирж байна. Иймд вакцины гуравдугаар тунг хийхэд вакцин дутахгүй” гэдгийг онцолсон юм.