Сүхбаатар онгоцноос төмрийн болон замгийн дээж авчээ

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ахалж, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар ажиллаж байна.

Мөн “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах, суурь судалгаа хийх дэд ажлын хэсгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ахлан ажиллаж байна.

Тус ажлын хэсэг эрдэмтэн, судлаачдыг оролцуулан “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны үеийн инженерийн тооцоо, ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгө, шаардлагатай хүч, хэрэгсэл техникийн судалгааг гаргажээ. Дэд ажлын хэсэг өчигдөр хуралдан, судалгааны ажлын явц болон татан гаргах ажиллагааны бодлого, төлөвлөгөөг танилцуулж хэлэлцүүллээ.

Аврагчид Сүхбаатар хөлөг онгоцны байрлал, онцлогийг судалж, шумбалт хийж дүрсжүүлэн, татан гаргах зам, маршрутыг судлан ажиллаж байна. Судалгаа хийх явцад аврагчид онгоцны байрлал, татан гаргах бэхэлгээ хийх газрыг урьдчилсан байдлаар тогтоосон. Мөн хөлөг онгоцноос төмрийн дээж, гүний уснаас шорооны дээж,  замгийн дээж авчээ.

Аврагчид Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах маршрутыг судалжээ

Сүхбаатар хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай усны гүнд 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан, баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байна.

Уг живсэн хөлөг онгоц нь 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тонн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй аж.        

ОХУ-ын  Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг есдүгээр сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан.

Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг дээрх сургалтад хамрагдан дадлагажсан төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын 20 гаруй мэргэжлийн усчин аврагч бие даан гүйцэтгэх юм.