С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Охиндоо зориулж оёсноос эхлэлтэй "Моelluex brand”
Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Д.Булганжавыг урьсан юм. Хүүхдийн биед харшлахгүй хөвөн даавуун материалаар бяцхан үрсэд зориулан хувцас урладаг “Моelluex brand”-ын үүсгэн байгуулагч. Түүний хувьд Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн ч өдгөө өөрийн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөж, үндэсний үйлдвэр буюу бичил бизнес эрхэлж байна. Арван жилийн сурагч байхаасаа ажлын амтанд орж, ахынхаа бизнест тусалж явсан охин хөдөлмөрлөхийн амт, хөлс хүчээ дуслуулж олсон мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Хилийн дээс алхаж, сурахын хажуугаар ажиллаж, Герман, Франц улсын соёлтой танилцахын зэрэгцээ хүүхдийн хувцасны загварыг судалж, ирээдүйд хиих ажлынхаа зураглалыг гаргаж явсан гэдэг.
“Бага байхдаа хувцас оёх сонирхолтой байсан. “Монголжингоо” гээд хүүхдийн хувцасны уралдаан болдог байлаа. Тэр уралдаанд орох юмсан гэж их бодно. Ахынхаа ажилд тусалж, цалинтай ажиллаж, их сургуульд суралцсан. Мэргэжил сонголтод эцэг, эхийн нөлөө тодорхой хэмжээнд байдаг. Энэ хүрээнд ээжийнхээ мэргэжлийг өвлөж авахын тулд санхүүгийн чиглэлээр суралцсан. Сэтгэлийн гүнд хувцас урлаж, дизайнераар суралцах нууцхан хүсэл байсан. Амьдралд аливаа юмны тохироо бүрдэх үе гэж байдаг байх. Би ирээдүйнхээ хүслийг биелүүлэхээр эртнээс хэрэгцээтэй зүйлээ зэхэж ирсэн санагддаг” хэмээн Д.Булганжав ярилаа.
Хүүхдээ төрүүлж, гэртээ байх хугацаандаа “Хувцасныхаа онгорхой цоорхойг оёх машин авъя” гэж ээждээ хэлснээр хуучны “Juке” хэмээх орос хөл машин худалдаж авахад хүргэсэн байна. Энэ нь түүний өөртөө төдийгүй өнөөдөр бий болгосон “Моelluex brand”-ын өнгө төрхийг тодорхойлоход томоохон хөрөнгө оруулалт болжээ.
Хүний амьдралд өвчин зовлон, үхэл хагацал хэлж биш хийсч ирдэг. Ээж хэмээх эрхэм алдрыг зүүлгэж, энгэрт нь эрхэлж асан эрх танхил үр нь харамсалтайгаар эндсэн нь түүний амьдралд тохиосон хамгийн том гарз. Үрээ санасан эх хүний шаналал “Ээждээ эргэж төрөөрөй” гэх залуухан ээжийн чинхүү залбиралыг бурхан сонссон уу гэлтэй түүнд энхрий бяцхан охин үр заяаснаар амьдралын шинэ эргэлт болж хорвоод амьдрах утга учрыг дахин ойлгуулсан ч байж мэдэх. Хэвлийдээ бяцхан үрээ тээнгээ өөрийгөө хөгжүүлэхээр оёдол эсгүүрийн сургалтад суусан нь түүнийг урлаж шаглах уран үйлсийн замналд хөтөлжээ.
Оёдлын сургалтад сар гаруйн хугацаанд суучихаад охиндоо зориулж урласан даашинз нь өнөөдөр ч түүний урланд өнгө загварын сонголттойгоор өлгөөтэй харагдана. “Ажлын таван хоногт өдрийн гурван цагаар сургалтад хамрагддаг байсан. Анх өөрийгөө сорих төлөвлөгөөтэй суусан юм. Гэтэл бүр оёдол эсгүүр хийхдээ “дурлачихсан”. Өглөө хамгийн эрт очиж, орой би л үлддэг болсон доо. Нэг сар суралцахад 15 төрлийн хувцас өөрийн гараар оёж төгссөн. Анх хос даашинз хийсэн. Охинтойгоо хамт өмсөх алаг эрээн даашинзыг хэнээр ч заалгахгүй өөрөө эсгээд оёод хийж байлаа. Багш нараасаа урмын үг сонсоод л олон бүтээл хийхийг зорьж байсан” гэв.
Түүний хэлж буй үгээс эхлүүлсэн ажилдаа эзэн байж, эцсийг нь хүртэл хийж, ухрах биш урагшлах замыг сонгох нь амжилтын зүг алгуурхан хөтөлдгийг Д.Булганжав үйлдлээрээ үзүүлж, үнэлүүлж явна.
Охиндоо зориулж оёдог байсан бүсгүй бусдын бяцхан үрсэд зориулж хүрэм урлаж эхэлсэн түүх нь интернэт ертөнцтэй салшгүй холбоотой. Охиндоо зориулж оёсон хүрэмнийхээ зургийг фэйсбүүкийн “Юмханаар юм хийе” нэртэй группт зургийг нь оруулж, “Хөөрхөн байна уу” гэж сэтгэгдэл бичихэд хэдхэн минутын дотор хэдэн мянган лайк цуглуулж захиалга өгөх мессеж ээжүүдээс ирж эхэлжээ. “Анхныхаа хүрмийг багштайгаа хамтраад загвар, эсгүүрийг нь гаргаад оёж байсан. Миний суралцсан оёдлын сургалтын дутагдалтай тал нь эсгүүрээ цаас биш шууд материал дээрээ гаргана. Тэр нь асуудалтай санагдаж байсан. Багш мэргэжлийн хүн учраас төөлөөд шууд эсгэнэ. Надад үлдэх эсгүүр байхгүй. Цаасан дээр эсгэвэл ядаж үлдэцтэй. Багшийг заахад сайн ойлгохгүй л бол ёстой хэцүү. Ээжүүд хүүхдэдээ хүрэм хийлгэх гээд захиалга өгсөн учраас оёж өгөх л хэрэгтэй.
Тиймээс охиндоо оёсон хүрэмээ буцааж ханзлаад, материал дээрээ нэгбүрчлэн тавьж эсгүүр гаргаж, оёж байлаа. Ягаан, ногоон, хар савхин өнгөтэйг хийсэн. Хүн захиалга өгөхөөр охиноо тэврээд дэлгүүр орж нэг метр даавуу авна. Ээж гайхаад “Чи материалаа гурван метраар ав л даа. Ойр ойрхон дэлгүүр рүү хүүхдээ тэврээд гүйчих юм ” гэдэг байсан. Тэгж хэлснээс нь хойш дандаа 3-5 метрээр нь авдаг болсон” гэсэн юм.
2015 оны намар түүний хийсэн хүрэм 1-5 настай охидын дунд трэнд болж, тэр хэрээрээ Д.Булганжав боломжийн үнэлгээтэй хүүхдийн биед эвтэйхэн, чанартай даавуун материалаар төрөл бүрийн хувцас хийнэ гэсэн нууцхан мөрөөдлөө ил болгож эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн хавар эх орондоо эргэн ирснээр өөрийнхөө зорилгыг биелүүлэхээр өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа нь энэ. Үндэсний үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй олон мянган залуусыг “тушдаг” ганц зүйл нь санхүүгийн асуудал. Хийх бүтээх хүсэл, мэдлэг чадвар байв ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж шантардаг, хийх эхлэлээ ч тавьж чадалгүй буцдаг залуус олон бий. Харин Д.Булганжавын хувьд Монголд төдийгүй гадаадад ажиллаж байхдаа хуримтлуулсан мөнгөөрөө ажлын байрны түрээс, урлангийн тохижуулалт, хувцасны материал, оёдлын машин зэрэгт дөрөв орчим сая төгрөгийг зарцуулсан гэнэ.
Хувцас оёх олон шат дамжлага дамжиж, эзэндээ хүрдэг. Ажлын өдрүүдэд өөрөө гардан хийж, амралтын өдрөөр хамаатныхаа охинтой хамтран хийнэ. Хүүхэд баярлуулах хүслээр оёж эхэлсэн болохоор сард нэг удаа 50 хувийн хямдрал зарлагдах үед захиалга ихэсдэг байна. Өглөө нарнаас үдшийн бүрий тэр ч бүү хэл шөнөжин сууж оёх үе түүнд бий. Тэглээ гээд охиныгоо харж, хандаж, асарч халамжлах үүргээ орхигдуулж болохгүй. Тиймээс ажлын байрныхаа нэг өрөөг охиндоо зориулж тохижуулж өгсөн гэнэ.Охин нь ч ээжтэйгээ хамт материалд явахаас эхлүүлээд брэндийнхээ моделиор ажиллаж байна.
Үндэсний үйлдвэрлэл эрхлэхэд олон саад бэрхшээл тулгардаг. Тиймээс судалгаа маш чухал. Д.Булганжавын хувьд Монголд үйлдвэрлэгдэж байгаа хүүхдийн хувцасны чанар, үнэлгээ, худалдан авалт, зах зээл гээд бүгдийг нь тодорхой хэмжээнд судалжээ. Одоогоор ашиг харахгүйгээр чанар сайтай хувцас урлаж, өөрийн брэндээ танилцуулах зорилго өвөртөлж байгаагаа тэрбээр нуусангүй. Ажил хийж байгаа хүнд саад бэрхшээл тулгарна. Түүнд тулгарсан асуудал нь хүний нөөц. Цалингаа тохироод ажиллуулъя гэхээр илүү их мөнгө харна, нэхнэ. Сургаад авъя гэхээр цаг хугацаа алдах, зарим нэг нь замын дундаас хаяж явдаг тухай учирласан юм. Ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл заримдаа бүр унтах нойроо хугаслан ажлаа хийж байгаа түүнээс эрч хүч, эерэг энерги мэдэрсэн юм.
Монгол брэнд байж яагаад гадаад нэр өгсөн нь зарим нэгэнд сонин байж магадгүй. Гэхдээ Д.Булганжавын онцолсноор өөд болсон үрдээ зориулж, нэрийг нь Франц хэлэнд хөрвүүлэн “Моelluex” хэмээн өгснийг энд тодотгох нь зүйн хэрэг болов уу. Чанар хийц сайтай загварлаг чамин хувцсыг боломжийн үнээр хийж, сар бүр хямдрал зарладаг нь ч бяцхан үрсэд хэрэгтэй.
“Хүүхдийг л баярлуулах юмсан” гэсэн чин сэтгэлийн хүслээ үйлдлээрээ илэрхийлж үндэсний үйлдвэрийг хөгжүүлж өмнөө тавьсан зорилгынхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа түүний урлангаар зочилсон минь энэ байв.
С.Ичирхорлоо