НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Яйзү хотын Засаг дарга Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлжээ
“Токио-2020” зуны паралимпын XVI наадамд оролцсон Монголын үндэсний шигшээ багийн төлөөлөгчдийг Японы Шизүоки мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиомичи, Засаг даргын орлогч Шимояма Коожи нар өөрийн хотдоо хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.
Номхон далайн эрэг дээр орших Яйзү хотноо болж буй энэхүү айлчлалд Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны пауэрлифтингийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн 107 кг жингийн аваргын алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ, таеквондогийн дасгалжуулагч Л.Отгонбаатар тэргүүтэй тамирчид тус хотод зочилсон юм.
Яйзү хотынхон Монгол Улсын Биеийн тамир спортын салбарынхантай 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд паралимпийн хөнгөн атлетик /хамгийн анх Цогтгэрэл гэж тамирчин ирсэн/-ийн тамирчид жил бүр ирж бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм байна. Мөн Монголын пара таеквондогийн баг тамирчид 2019 оноос хамтран ажиллаж байгаа юм.
Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчид, Монголын ахлах сургуулийн 3x3 сагсан бөмбөг, чөлөөт бөхийн баг тамирчид ч /2017 оноос/ энэ хотод жил бүр ирж бэлтгэл хийж байгаа юм байна. Харин коронавирусын цар тахлын улмаас 2020 оноос энэ харилцаа түр тасалдаад байгаа аж.
Шизүоки муж /3,5 сая хүн амтай/-ийн 35 хотын нэг Номхон далайн эрэг дэх Яйзү /140 мянган хүн амтай/ нь загас, ан агнуурын боомт хот бөгөөд загас, загасан бүтээгдэхүүний олон үйлдвэр энд байдаг юм байна.
Ер нь энэ муж ногоон цай, гүзээлгэнэ, мандарин зэргээрээ Япондоо алдартай нутаг юм. Мөн Сузуки, Ямаха гэсэн дэлхийд алдартай Японы тэргүүлэгч компаниуд энэ нутгийнх юм байна. Яйзү хотод 4600 гадаадын иргэд ажиллаж амьдардаг бөгөөд Зүүн өмнөд Азийн болон бразилчууд байдаг. Мөн Монгол 20 гаруй иргэн IT болон компьютерын мэргэжлээр гэр бүлийнхээ хамт ажиллаж амьдардаг юм.