НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
700 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууц болон орлогод нийцсэн ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 700 айлын ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Уг асуудлыг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж, дэмжлээ.
Уг төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материалд 4 га газарт хэрэгжүүлэх бөгөөд төвлөрсөн хангамж үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байхаар төлөвлөжээ. 712 айлын уг төслийн 142 орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан байна. Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол, 740мкв худалдаа үйлчилгээний хэсэг, 300м/кв эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан төвийг барих аж. Мөн төлөвлөлтөд 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэг барихаар тусгасан байна.
Төслийг хэрэгжүүлснээр шинээр баригдах орон сууцны нүүрстөрөгч ялгаруулалт буурах, уур амьсгалд тэсвэртэй, энгийн байгууламжтай харьцуулахад хүлэмжийн хийг 50 орчим хувиар, агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулна. Ногоон орон сууцны хорооллыг төвлөрлийг бууруулах үүднээс дүүрэг бүрд барих боломжтой. Гэвч газар чөлөөлөлтийн ажил чухал байгааг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хэллээ.