Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган болно

 

“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыг АНУ-ын Вашингтон хотын Олон улсын худалдааны төвд арваннэгдүгээр сарын 15-20-нд, Канад улсын Торонто хотод мөн сарын 20-25-нд зохион байгуулна.

Монгол Улсын үндэсний брэндүүд, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд АНУ, Канадад арваннэгдүгээр сард болох Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлыг дэмжих үзэсгэлэн, чуулга уулзалтад оролцох юм.

“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыг ХХААХҮЯ, ЖДҮГ, ГХЯ, БОАЖЯ, ҮХГ, АНУ-ын худалдааны яамны Азийн газар, Вашингтон дахь олон улсын худалдааны төв, Канад дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, АНУ, Канад дахь Элчин сайдын яамд дэмжиж байгаа бол “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ, Дэлхийд нэртэй Монгол ТББ ерөнхий зохион байгуулагч аж.

“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-д оролцсон аж ахуйн нэгж, үндэсний брэндүүдийг Amazon, Ebay, ETSY, www.MongolianGallery.com цахим дэлгүүр болон бусад олон улсын худалдааны цахим сувагт байршуулах боломжийг нээж өгч байна.

Олон улсын чуулган зохион байгуулах бэлтгэл болгон, төр, хувийн хэвшлийн хамтарсан уулзалтыг  ХХААХҮЯ-д зохион байгууллаа. Хамтарсан уулзалтын үеэр төрийн болон төрийн бус, холбоод, хувийн хэвшлийн байгууллагууд “Олон улсын чуулгад олон талын ач холбогдол өгч, илүү өргөн хүрээнд хамтран ажиллана. Хэдийгээр цар тахал дэгдэж гадаад худалдаа хумигдаад байгаа ч чуулга, үзэсгэлэн бидэнд олон боломж, олон улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтын сувгийг нээж өгч чадна” гэдгээ илэрхийлжээ. 

Түүнчлэн Монгол Улсынхаа биет болон биет бус өвийг давхар сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг дэмжих, бүх талын оролцоо, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааг татах боломж нээгдэж байгаа юм.

Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулганы хүрээнд хХөрөнгө оруулагчдын олон улсын бага хурал, АНУ, Канадын төрийн байгууллагууд, агентлагуудтай Монгол Улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг агентлаг, байгууллагуудыг холбох, харилцан туршлага солилцох, олон улсын бизнесийн салбарынхан, хөрөнгө оруулагч, түншүүдтэй уулзалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр танилцуулах, үзэсгэлэн худалдаа, соёл, брэнд сурталчлах аж.