О.Мөнхзул: "Хайтан” цэцгийн дэлгүүр хүмүүст аз жаргал түгээгч юм

“БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН ТҮҮХ”  цувралын  зочноор “Хайтан” цэцгийн дэлгүүрийг үүсгэн байгуулагч О.Мөнхзулыг урьсан юм. Тэрбээр амьдралд өнгө нэмж, аз жаргалыг бэлгэддэг цэцгийн дэлгүүрт 1997 онд ажилд орсноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Амьдралынхаа 24 жилийг алаг эрээн цэцгийн тасагт өнгөрүүлэхдээ алдаж, онож, унаж, босч, тэсч тэвчиж, тэвчээр заан тэмүүлэл дүүрэн он жилийг үдсэн байна.

-“Бизнес эхлүүлсэн түүх” цувралын урилгыг хүлээж авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө тодорхой танилцуулна уу?

-Миний уг гарвал Увс аймаг. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийг төгсөөд Монгол хэл бичгийн багш мэргэжлийг эзэмшсэн. Оюутан байхдаа “FLORA” цэцгийн  дэлгүүрт ажилд орж байлаа. Гуравдугаар курсээсээ эхэлж ажилласан. Хичээлийн бус цагаар болон зуны амралтаар ихэвчлэн ажиллана. Монголын анхдагч цэцгийн дэлгүүрийн нэг.

-Цэцгийн дэлгүүрт ажилд ороход таныг ямар орчин угтсан бэ?

-Үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Эмэгтэй хүн  тэнд байх ёстой юм шиг санагдсан. Утас ховор үе. Хүнээс цэцгийн дэлгүүрт худалдагч авна гэдгийг сонсоод хайгаад очиж байлаа. Очсон чинь “FLORA” цэцгийн  дэлгүүрийн эзэн Мандах эгч цэцгээ янзлаад сууж байсан. Танилцаж, ярилцаад шууд ажилласан. “Төөрж яваад манайд ирсэн юм уу. Чи” гээд инээмсэглэж байсан нь одоо ч тодхон санагдаж байна. Сарнай цэцгийн зургийг харж явснаас барьж ч үзээгүй. Хичээлээ тарж очоод орой хүртэл ажиллана. Ажлын талбарт анх угтаж авсан газар.

-1998 оны үед хэдэн төгрөгөөр цалинжиж байсан бэ? Өөрийнхөө хөдөлмөрийн шимийг хүртэж, цалин авна гэдэг сайхан?

-Анх ажилд ороод 30 мянган төгрөгийн цалин авч байлаа. Тэгээд  50, 100, 150 болж нэмэгдсэн. 2007 онд хүртэл ажиллаж, байгаад өөрийнхөө цэцгийн дэлгүүрийг нээсэн.

-Цэцгийн худалдагч хийнэ гэдэг мэдлэг мэдээлэл шаардсан ажил. Цэцгийнхээ утга учрыг үйлчлүүлэгчдэд тайлбарлаж өгөхөөс гадна хэрхэн арчлах талаар зөвлөгөөг давхар өгдөг байх?

-2014 онд Хятад руу сарын хугацаатай сургалтад явуулсан. Ажлаас төлбөрийг нь төлж хоёр хүн явуулсны нэг нь би. Амьд цэцгээр юу хийх боломжтой талаар заалгаж байлаа. Ажил, амьдралын эхлэлийг залж өгсөн болохоор маш их баярладаг.

эустома болон сарнай гэх мэтийн зураг байж болно

-Таны амьдралын салшгүй нэг хэсэг бол цэцэг. Өөрийнхөө цэцгийн дэлгүүрийг нээх сэдэл санаа юу байсан бэ?

-2009 онд өөрийнхөө дэлгүүрийг нээсэн. Төрөөд амралтаа авсан байсан үе. Арван жил ажилласан юм чинь үр хүүхдийнхээ төлөө өөрийн бизнесээ эхлүүлье гэсэн сэдэл төрсөн. Цалин харж амьдрахаа больё, өөрийн гэсэн орлоготой болох ёстой гэсэн бодолдоо хөтлөгдсөн.

-Аливаа ажлыг эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Хийх хүсэл мөрөөдөл байв ч хөрөнгө санхүүгийн асуудал тушаа болдог.  Таны хувьд анх хэдэн төгрөгөөр бизнесээ эхлүүлж байсан бэ?

-1.5 сая төгрөгийн зээл аваад бизнесээ эхлүүлсэн. Дэлгүүрийнхээ түрээсийг өгөөд сая төгрөгтэй Бээжин рүү явсан. 2009 онд Нэгдүгээр хорооллын “Номин”-д анх дэлгүүр түрээслэсэн. Одоо ч тэндээ байсаар байна. Орлогогүй үе олон.  Өдөрт 4000 төгрөгийн орлоготой буух ч өдрүүд бишгүй. Намар түрээсэлж орсны дараа “Мартын-8” хүртэл орлогогүй. Өглөө нь нэг ойтой хүүхэдтэй сууна. Өдөр нь дүүгээ гуйна. Ингэж л ажлынхаа гарааг эхэлж байлаа. Орлогогүй гээд шантраагүй. Цаашид хэрхэн ажиллах арга зам л хайсан.

-Үүргэвчээ үүрээд мөнгөө солиулж, гал тэргэнд суугаад бизнесийнхээ урт холын аялалд гарна. Анх мэдэхгүй чадахгүй зүйлс олон тохиолдсон байх. Гэхдээ хүссэн ажлаа эхлүүлэх нь залуу хүний хувьд амжилтын зам руу алхам алхамаар хөтөлдөг?

-Анх бол ямар ч мэдэгдэхүүнгүй Бээжинг зорьсон. Цэцгийн захыг хүнээр зуруулаад зориглоод явсан гэхэд болно. Хаана юу байгааг мэдэхгүй хэрнээ хурдны зам дээр буучихсан. Зүг чигээ ч алдсан. Зургаа харж явсаар байгаад бүр төөрсөн. Таван цаг хайсны эцэст захаа олсон. Ачаа тээшээ яаж явуулахаа ч мэдэхгүй. Монгол хүн хайгаад Дарханы эгчтэй тааралдсан. Эгч надад ачаа тээшээ хэрхэн явуулахыг зааж өгсөн. Анх хоёр хайрцаг цэцэг оруулж ирсэн. Мартаар бүх цэцгээ зарчихаад бөөн баяр болж байлаа. Өөрийнхөө лангууг нээсэн мөртлөө “FLORA” ирэх үү гэхээр найздаа дэлгүүрээ захиж үлдээчихээд очиж ажилладаг байсан.

-Өмнө нь  орлогогүй шахуу ажилладаг байж байгаад бүх цэцгээ зараад урамшсан байх?

-Банкны зээл төлөөд, өөрийн гэсэн мөнгөтэй үлдэх шинэ бизнес эхлүүлж байгаа хүнд маш их урам зориг, зорилт болдог юм билээ. Бизнес эхлүүлсэн гээд бурхан шагнаж байгаа юм шиг сэтгэгдэл төрч байсан.

-Бизнесийг сэтгэлийн хөөрлөөр биш зах зээлээ маш сайн судалсны үндсэнд эхлүүлдэг. Таны хувьд энэ салбарт ажиллаж байсан болохоор эхлүүлсэн үү. Эсвэл судалгааны ажил хийв үү?

-Судалгаа хийгээгүй ээ. Хоббиндоо хөтлөгдөж эхлүүлсэн.

сарнай гэх мэтийн зураг байж болно

-Таныг өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байгаагийн илрэл бол үнэнч үйлчлүүлэгчид байх?

-“Номин”-гийн байрныханд үргэлж талархаж явдаг. Анх нээхээс эхлээд өнөөдрийг хүртэл үнэнчээр үйлчлүүлж байна. Ах, эгч, найзууд л болсон. Цэцгийн хэрэгцээ гарах бүрт намайг зориод ирнэ. Анх найз охиндоо зориулж цэцэг авч байсан хүмүүс одоо гэр бүл болсон ч авсаар байгаа. Цэцэг хүнд аз жаргал бэлэглэдэг учраас ажилдаа дуртай.

-Цэцэг хүний сэтгэлд сайхан түүх үлдээдэг. Гэхдээ ихэвчлэн баяр ёслолоор бие биедээ бэлэглэдэг юм шиг санагддаг?

-Нэг залуу надаар найз охиндоо 356 хоног буюу нэг жил цэцэг хүргүүлж байгаад эхнэрээ болгосон байдаг. Одоо ч 14 хоногтоо цэцэг авч гэртээ тавина. Гэр бүл болоход нь бага ч гэсэн хувь нэмэр оруулсан гэж баярладаг. Ийм сайхан түүх бүтээдэг. Авч байгаа нь инээж, өгч байгаа нь баярладаг учраас сайхан энергийг өөртөө шингээдэг гэж боддог . Өмнө нь “Март” болон бусад баярын үеэр их авна. Цэцэг Европоос гаралтай. Гэхдээ 2015 оноос хойш Монголд цэцэг өгөх соёл түгэн дэлгэрсэн гэж боддог. Хоёр эмэгтэй найзууд уулзалгүй удахаараа цэцэг бариад очдог. Сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна хайр, хүндлэл давхар оршдог. Монголд цэцгийн бизнес эрхэлдэг хүмүүс соёлыг түгээж  байгаа. Тэдний хичээл зүтгэлийн илрэл гэж хардаг.

-Цэцэг бүхэн өөр өөрийн гэсэн бэлэгдэлтэй. Одоогоор хэчнээн төрлийн цэцэг оруулж ирдэг вэ?

-Амьд 10, таримал 20 орчим төрөл. Цэцгийн дэлгүүрээ ажиллуулж эхлэхэд ихэвчлэн сарнай авдаг байсан. Сүүлийн гурван жилд хүмүүсийн сонирхол өөрчлөгдсөн. Өөрсдөө сонгож, боолгоно. Лили, хонгорзул, сарнай, удвал, машка, балжингарав зэрэг төрөл бүрийн цэцэг бий. Лили гэхэд хамгийн хүндэтгэлтэй хүндээ өгдөг. Өөрийн гэсэн бэлэгдэл өнгө бүр нь утга агуулдаг.

Цэцэг амьтай, амьсгалдаг. Нэг өдөр усын солихгүй бол гулжийгаад үхнэ. Бид өглөө бүр нүүрээ угаадаг. Тэрэнтэй яг адилхан арчилна. 50 литр хүйтэн ус авчирч, цэцгээ тайрч хийдэг. Арчилгаа чухал. Ямар ч химийн бодис хэрэглэдэггүй. 

No description available.

-Танайх хэд хэдэн салбартай вэ? Хүргэлт хийхээс эхлээд хамаг ажилдаа та гар бие оролцдог. Шинэ лангуу нээхдээ засварынхаа ажлыг өөрөө гардаж хийдэг гэсэн. Энэ талаар?

-Машин дотроо дриллтэй явж байна. Дэлгүүрийнхээ дотоод тохижилтыг өөрөө хийдэг. 100 айлд хэмжээ өгч зүсүүлээд өөрөө дриллддэг. Хүргэлтээр өөрөө явдаг.

-Цэцгийг хүүхэд шигээ арчлах ёстой гэдэг. Арчилгаа ихтэй ч ашгаасаа илүү алдагдал ихтэй ч байж мэдэх бизнес шиг санагддаг?

-Арчилгаа их шаарддаг. Эрсдэл ихтэй бизнес. Манай дэлгүүрийн хувьд 7-14 хоногт нэг удаа таталт хийнэ. Авчирсан цэцгээ гурван лангууныхаа хөргөгчинд хийдэг. Тэр хугацаандаа зарж дуусгахгүй бол хугацаа нь дуусаад үхдэг. Тэгэхээр миний амин зүрх бол худалдагчид. Сургаж ажилд авна. Ажилдаа сэтгэлтэй, хүнд үнэнч бай гэдэг зарчмыг баримталдаг. Хүн харахад цэцгэн дунд сууж байгаа нь сайхан харагддаг ч ажил маш ихтэй. Шороо, тоос, өргөстэй зууралддаг учраас тэвчээртэй хүн л хийх ажил. Усыг нь нэг өдөр солихгүй байхад маргааш нь үхнэ. 

-Танай охин долдугаар ангиасаа эхэлж, ээждээ тусалсаар ирсэн гэсэн. Ар талыг бат хариуцагч уу?

-Миний амьдралын түшиг, тулгуур охин минь. Долдугаар ангиасаа сургуулиа төгстлөө  ажилласан.

1 хүн, эустома, сарнай болон бичвэр гэх мэтийн зураг байж болно-Бизнес хийхэд эргэлтийн хөрөнгө чухал. Таны энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Хамгийн их тулгамдаж байгаа асуудал. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр ирсэн. Бусдын адил амьдралтай. Лизингийн байртай. Унаж яваа машинаа банк бусад тавьчихсан. Тогтмол түрээс төлж, улсдаа татвар төлдөг. Ажил олгогч. Хүн ер нь өөрийнхөө дуртай ажлыг хийнэ гэдэг хэмжээлшгүй их аз жаргалыг мэдэрдэг.

-“Ковид-19” цар тахлаас шалтгаалж олон ч газар хаалгаа барьж байна. Таны хувьд ч салбар лангуунуудаа буулгаж, алдагдалд орсон гэсэн. Төр засгийн эргэж буцсан буруу шийдвэр олон бизнес эрхлэгчдэд дарамт үүсгэлээ?

-Бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлогүй улсад амьдарч байгаадаа гомддог  юм. 2019 онд Хятадад “Ковид-19” цар тахал гарч эхэлсэн. Тухайн үед охиноо Солонгос руу хэлний бэлтгэлд явуулахаар би хэдэн төгрөг хуримтлуулсан байсан. Жилд ганц орлого олдог үе бол Март. Тиймээс охиндоо хэлээд төлбөрийнх нь 14 сая төгрөгөөр цэцэг татсан. Хятадад хөл хориотой байсан учраас хамтрагч компани бүрдүүлэлт хийж өгөөгүй. Хил дээр оруулчихна гэж бодсон.  Өөр олон цэцгийн дэлгүүр ч захьсан байсан. 13 хүний долоон тонн цэцгээ шатаалгасан. Нэг цэцгийн дэлгүүрийн цаана нэлээд хэдэн хүний амьдрал байдаг.

сарнай болон эустома гэх мэтийн зураг байж болно-Оруулж ирэх ямар ч боломж байгаагүй юм уу?

-Цэцэг хүнсний бараа биш. Хүн иддэггүй. Замын-Үүдийн гаалийн байцаагч, мэргэжлийн хяналтынхан биднийг элгээр нь хэвтүүлсэн.  Учраа хэлээд уулзаад гуйсан. Монгол талаас бүрдүүлэх бүх бичиг баримтаа бүрдүүлчихсэн байхад гаргаагүй. Гаргах нь битгий хэл гуравдугаар сарын 20-нд ирж ачаагаа ав гэхэд очиход бүх цэцэг үхсэн байсан. Өмнө нь бид хэд гурван удаа Замын-Үүд рүү очиж гуйхад тоогоогүй. Тэгсэн хэрнээ хамаг цэцгийг харуулж байгаад шатаасан. Бүр шатаах төлбөрөө биднээс гаргуулсан. Шинжилгээ аваад оруулах бүрэн боломж байсан. Тухайн үед Монголд цар тахал гараагүй байсан. Үүнээс шалтгаалж, их хохирол амссан. Одоо өндийх гээд хичээж л байна. Хэдэн жилийн хөдөлмөр шингээж хуримтлуулсан мөнгөө салхинд хийсгэнэ гэдэг хэцүү шүү дээ.  Харуулж байгаад шатаасан нь харгис санагдсан. Хөл хорио тогтоогоод хамаг ажлыг хааж байхаад ядаж бизнес хийдэг хүмүүсээ дэмжээд хүргэлтийн үйлчилгээг  халдвар хамгааллын дэглэмийн сайн баримтлуулаад хэвийн явуулах боломж байсан гэж боддог. Хэт баян хүмүүс нь хадгаламжаа идээд амьдарна. Харин доод төвшнийхөн халамжаа авна. Дундаж төвшин буюу  жижиг дунд бизнес, үйлдвэрлэл эрхэлж, хөдөлмөрлөж байгаа бид л хөлд нь чирэгдэж байна. Ажлаа хийхгүй байхад л татвар нэхнэ. Тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй.

С.Ичинхорлоо

Хайртай дотны хүндээ Хайтан цэцгийн баглаа барихыг хүсвэл https://www.facebook.com/%D0%A5%D0%B0%D0%B9%D1%82%D0%B0%D0%BD-%D1%86%D1%8D%D1%86%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B4%D1%8D%D0%BB%D0%B3%D2%AF%D2%AF%D1%80-Begonia-Flower-shop-432048574000258/?ref=page_internal пэйж хуудсаар болон  

☎️Захиалгын утас:80001232,89483009
🚗 Хүргэлттэй
Хаяг:
📍:1-р хороолол Цамбагарав Номин супермаркет 1 давхарт
📍:Нарны хороолол Номин супермаркет 1 давхарт
📍:Натур худалдааны төв 1 давхарт тус тус ажиллаж байна.

эустома, сарнай болон бичвэр гэх мэтийн зураг байж болноцэцэг гэх мэтийн зураг байж болно

сарнай гэх мэтийн зураг байж болноэустома болон сарнай гэх мэтийн зураг байж болно