Цэрэг татлага маргааш дуусна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж “Дүүргийн хувьд цэрэг татлагын ажил хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар 400 орчим залуу цэрэг татлагаар ороод байна. Залуучуудын идэвхи өмнөх жилүүдээс сайжирсан нь харагдаж байна. Залуус эрүүл мэндээрээ тэнцэхгүй байх тохиолдол багассан” гэдгийг хэлж байв.

Чингэлтэй дүүргийн хувьд татагдан ирж байгаа бүх хүүхдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамруулдаг юм байна. Эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан хүүхдүүдээ бүтэн жилийн турш дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эмнэлгүүд анхаарч ажилладаг аж.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

-БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/

-БЗД 14 дүгээр сургууль

-СБД 31 дүгээр сургууль

-СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/

-ХУД 34 дүгээр сургууль

-ЧД 5 дугаар сургууль

-БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль