Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулна

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал боллоо. 14 хоног тутамд болдог уг хуралдаанаар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж хэлэлцүүлэв.

Тодруулж хэлбэл Газрын багц хуулийн төсөлд Засгийн газрын гишүүдийн санал авч, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна. Хөшигийн хөндийд “Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах ажлын хүрээнд гадаад улс орнуудын туршлагыг судлан харьцуулсан санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

Мөн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм батлагдсантай холбоотойгоор аймаг, нийслэлийн Засаг даргад чиглэл хүргүүлсэн байна.

“Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн шинэчилсэн төслийг боловсруулж холбогдох байгууллагуудаас санал авахаар ажиллаж байна. Нийтийн аж ахуйн салбарын хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 1,990 гаруй нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөв.

 

Түүнчлэн Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн шугамын трассыг шийдвэрлэх, таван аймгийн Цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгчтэй хийх гэрээг эцэслэх зэрэг яамны хэмжээнд долоон газар, харьяа байгууллагуудын үйл ажиллагааг дүгнэж, ирэх өдрүүдэд хийх ажлыг төлөвлөж, сайдаас ирсэн үүрэг чиглэлийн дагуу ажлаа хийж гүйцэтгэхээр болжээ.