Шүүртэй ЭГЧ

Гуравдугаар ангиасаа сонгосон мэргэжил

“Би шүүрээр амьдралаа эхлүүлсэн, одоо ч нийгмээ шүүрдэж л явна” хэмээснээр бидний яриа эхэллээ. Балчир охин байхдаа буюу гуравдугаар ангидаа тэр мэргэжлээ сонгожээ. Сэтгүүлч болох тухай. Дэлхийн мэдээг сонсоод ангийнхандаа ирж танилцуулдаг уламжлал тухайн үеийн ерөнхий боловсролын сургуульд байв. Уншиж, бичих эрдэмд дөнгөж дадаж буй гуравдугаар ангийн сурагчдад яагаад тийм агуулгаар хичээл орж байсныг хэлж мэдэхгүй. Олон улсын тоймч Б.Дашзэвэг гуайн тоймыг үзэж, тэмдэглэл хийнэ. Бүтэн сайн өдөр болгон гарна. Тэр бүгдийг бяцхан оюундаа бичиж, тэмдэглээд ангийнхандаа ярина. Багш нь өөрөө ч сонсохгүй шахуу. Гэвч Мөнхбаясгалан “Багшаа би” гэж байгаад дуржигнуулна. Сэтгүүлч гэж ямар мэргэжил байдгийг мэдэхгүй хэрнээ Б.Дашзэвэг шиг олон улсын тоймч болох хүсэлтэй. Дөрөвдүгээр ангидаа орлоо. Сэтгүүлчийн тухай ерөнхий ойлголттой болов. Ш.Гүрбазар тэргүүтэй гарын арван хуруунд багтах сэтгүүлчдийг гадарлана. 

Түүндээ үнэнч, замаасаа гажилгүй явсан нь өнөөдрийн амжилтад хөтөлжээ. Дунд ангиа Толгойтын 62 дугаар сургуулийг дүүргэв. Сүүлд 51 рүү шилжсэн гэдэг. Таван шар Мах комбинат хоёрын дундах жижигхэн дош түүний хүүхэд насны дурсамжтай холбогдоно. Нэрлэж дадсанаар “Мах”-ын дош. Арван жилээ төгсөх жил бараг орц болгонд нэг их, дээд сургууль бий болов. МУИС-д шалгалт өглөө. Ур чадвараар өндөр оноо авсан ч орос хэл, математик хоёроор уналаа. 

Тэгэхэд ээж нь “Сурч чадаагүй юм чинь ажил хий. Хүн Хөдөлмөрийн баатар болж сайхан амьдардаг юм” гэжээ. Шуудхан охиндоо тэгж хэлсэн шалтгааныг хэлж мэдэхгүй ч одоо бодох нь ээ, социализмын үеийн сэтгэхүйнээсээ гараагүй байсан нь зөвтгөх шалтгаан байв. Гэхдээ Мөнхбаясгалан ээжийнхээ хэлснийг дагаж “Мах импекс”-т цэвэрлэгчээр ажилд орлоо. Тэр үеийн өглөөний зураглал нь одоо ч түүний сэтгэлээс гардаггүй, үргэлж уяатай явдаг. Гэр нь автобусны буудлын хажуугийн угсармал таван давхар. Км гаруй алхаж байж ажил руугаа хүрнэ. 62-ынхон буюу төгссөн сургуулийнх нь бүх хүүхэд өглөө сургууль руугаа явахаар автобусны буудлыг зорино. Харин Мөнхбаясгалан ганцаараа тэрхүү урсгалыг сөрөөд ажил руугаа. Ичнэ, атаархана. Аргагүй шүү дээ, байдгаараа гоёж, цүнхээ үүрсэн оюутнуудын хажуугаар их сургуульгүй хоцорсон зөрөх бүрд тийм ч таатай мэдрэмж төрөхгүй. “Сургуульгүй үлдлээ, сэтгүүлч болж чадсангүй. Муу хүүхэд”... Эдгээр үгс ажилдаа явах, үеийнхэнтэйгээ зөрөх бүрд бодогдоно, гол зурна. Сэтгэлийнхээ үзүүрт “Хөдөлмөрийн баатар” болох ёстой гэсэн ээжийн үгс дурайна. Шалаа л сайн угаах хэрэгтэй...

No description available.

“Мах Импекс”-т ажилд орсны дараах өдөр хоногууд үргэлжиллээ. Сайн ч угаана. Хөдөлмөр хамгааллын инженер эмэгтэйн өрөөг нэмэлтээр угаах үүрэг ирэв. Урт бас том зандан модон ширээтэй, том оффис. Өдөр тутмын бүх сонин тэнд нь хураалттай. Хаалгыг нь түгжчихээд сонин уншина. Заримыг нь ойлгоно, ойлгохгүй. Шаггүй уншигч болохын хэрээр сорчилж уншдаг боллоо. Авторуудыг нь харна. Сэтгүүлч гэдэг “Ямар гоё юм бэ?” гэх бодол төрөх зуур хөлийн чимээ сонсогдоно. Тэр даруйдаа сонинуудаа цэгцэлж, түгжсэн хаалгаа нээчихээд шалаа үргэлжлүүлэн угаана. 1993-1995 оныг хүртэл юм.

Тэгж яваад Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлч бэлтгэж буйг дууллаа. Шалгалт өгч тэнцэв. Сэтгүүлч боллоо. Энэ хооронд сэтгүүлчээс татгалзсан удаа бий. Анхныхаа хүүхдийг төрүүлээд “Сэтгүүлзүйг хаялаа. Бизнес хийлээ” хэмээн сэтгэл шулуудав. Бизнес гэдэг нь буузны цайны газар ажиллуулж буй нь. Гэвч Мөнхбаясгалан шиг хүн тийм газар тохирсонгүй. Нэг эмээ орж ирнэ, хоёр бууз авна. Цайны мөнгөгүй юм. Араас нь цай бариад гүйчихэнэ. Цай уугаад хоол идэхгүй бол буузаа бариад очно. Хоёрыг өгөхөд бага, тав байхад сэтгэл дүүрэн. Ингэсээр байтал нэг өдөр шатлаа. Эхэндээ нөхрөөсөө нуудаг байсан бол сүүлдээ энэ байдал илэрчээ. Түрээслэсэн цайны газар нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн яг хажууд. Ядарсан, зүдэрсэн, зовсон хүмүүс түүгээр нэг. Ганц хүү нь өдөржин байцалтад ороход аав, ээж нь болох хоёр хөгшин өдөржин гадаа нь харуулдана. Тэрхүү зураглалыг хараад тэсэхээ байгаад бууз, цай бариад очно. Хүүхдээ дагуулж орж ирээд нэг, хоёр бууз сураглана. Сэтгэл зураад л явна. Тэгсээр байгаад хоёр сарын хугацаанд олсон ашиг ч үгүй шатлаа. Зээлээр авсан шилэн хөргөгчнийхөө өрийг ч дарж чадалгүй. 

Энэ үед тэрбээр жирэмсэн байв. Ажлын ачааллаас үүдэж хавагнана. Тогооч нь мах хулгайлна, өмдөндөө эсвэл цүнхэндээ хийгээд гарна. Тэрийг мэдэхгүй. Тогоочоосоо өмнө ирж гурилаа бэлтгэж, төмс, ногоогоо арилгасаар байгаад тогоочоо толгой дээр нь гарчихав. Хүүхдээ төрүүлсний дараа нөхөр нь “Чи ажлаа хий. Галзуурч мэдэхээр байна” гэжээ. Гадуур явахдаа сонин зардаг цэгүүдийн хажуугаар явахдаа орчноо мартаад уншаад зогсчихдог дадалтай байжээ. Худалдаж авч чадахгүйгээс уншина. Нэг удаа “Өнөөдөр сонин өөрийн гэсэн ТҮЦ-тэй, шуудангийн машинтай болсон байна” хэмээн өөрийн мэдэлгүй уулга алджээ, нөхрийнхөө хажууд.

No description available.

Б.Ганболд эрхлэгчийн санал

Хэвлэлийн хүрээлэнг 1998 онд төгсч, Сэрүүлэг сонинд ажилд орлоо. Өнөөдөр сонинд долоо хоног дадлагажсан удаатай. Хамгийн сонин нь бичсэн зүйлтэйгээ холбогдуулж урамшуулал, магтаалын үгийг сонссон ч тэнд ажиллах сонирхол төрөөгүй гэнэ. Б.Ганболд эрхлэгчийг зорилоо. Засгийн газрын мэдээ буюу одоогийн Зууны мэдээ сонины эрхлэгч. Тэгэхэд “Чи сайн сэтгүүлч болно. Гэхдээ чиний араншин, бичлэгийн хэв маяг Өдрийн сонинд тохирно” гэжээ. “Та намайг ажилд аваач” гэтэл “Ирээдүйг чинь эвдэнэ” гэснээр Өдрийн сонин хэмээх их айлын босго давлаа. Уг нь Б.Ганболд шиг хэвлэлийн магнат ирээдүйтэй сэтгүүлчийг өөрийнхөө дэргэд авах ёстой атал шуудхан өөр газрыг санал болгосон хэрэг.

Өдрийн сонин өрсөлдөөн их. Мөнхбаясгаланг анх бичиж эхэлж байхад мундаг авторууд бүгдээрээ хэвлэлийн ТУГ явсан үе. Өдөр тутмын сонин өөрөө нөлөөтэй. Б.Ганчимэг тэргүүтэй авторуудын ид үе. Тэндээс гарч ирнэ гэдэг баргийн сэтгүүлчээс гарахгүй ур чадвар. Арын хаалга, авлига өгснөөрөө мундаг сэтгүүлч болно гэж үгүй. Тэр дундаа өдөр тутмын сонинд. Нүүр царай гарахгүй. Өөрөө л тодрох хэрэгтэй. АСА аваргын хэлдгээр ёстой л “Алаан”. Хамгийн цэвэр, шударга, бодит өрсөлдөөн тэнд өрнөнө.

Хийсэн сурвалжлага, нийтлэл, ярилцлагаа нэгдүгээр нүүрнээс давуулсан нь тэр өдрийн баатар. Бусдынхаа юмыг уншиж урам авна. Өглөөний хуралдаа орохгүйгээр гүйх шахуу. Гоё бичсэн нэгэндээ нөгөөх нь бууж өгнө, тэгэхдээ маш шартайгаар. Анхнаасаа эрэн сурвалжлах сэдвээр дагначихсан. Дипломын ажлаа ч түүгээр хамгаалсан. Яагаад эрэн сурвалжлахыг сонгосноо тэр санадаггүй. Нэг л мэдэхэд 24 жил энэ чиглэлээр дагнажээ. Харин энэ жилээс больж буйгаа хэлнэ лээ.

Тэр үеийнхэнд гар утас үгүй. Редакц ганцхан утастай. Таксины мөнгө үгүй. Бүр үйл явдлын араас хоёр зээрдээрээ явна. Сахиж байгаад юмаа авна. Факс, и-мэйл байхгүй. Олно гэсэн бол олно. Тэгсэн мөртлөө өрсөлдөөнтэй. Олж ирээд хийнэ. Анхны жилүүдэд залуу сэтгүүлчдэд эх сурвалж гэхээр юм байхгүй. Түүний бодлоор амьдралынх нь 24 жилийн хугацаанд эх сурвалж нь бүрдэж, бүрдүүлжээ. Наадахаа битгий гарга гэхэд нь болино, хадгална. Тухайн хүнээ барьж өгөхгүй, илчлэхгүй, шүүх цагдаа болоход ил гаргахгүй. Тэгж явсаар нэг л мэдэхэд итгэж болох хүн байна гэсэн итгэлцэл үүснэ.

Таньсан ч танихгүй, мэдсэн ч мэдэхгүй юм шиг явсан он жилүүд. 24 жилийн турш эх сурвалж болсон хүн ч түүнд байна. Тэдгээр нь албан тушаал ахина. Гэхдээ ил гаргахгүй. Тэгж байж эрэн сурвалжлах сэтгүүлзүй цаашаа хөгжинө. Одоо хүртэл хүний яриа нууцаар бичих ёс зүй Мөнхбаясгаланд байхгүй. Уг нь нууцаар бичдэг нүдний шил тэргүүтэй юм түүнд байдаг, хүмүүс бэлэглэсэн гэнэ лээ. Гэхдээ ашигладаггүй. Хуулиараа ч хориотой.

No description available.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хүч

Сэтгүүлч Б.Ганчимэгтэй хамт явсан цорын ганц сурвалжлага бий. Машин сайн барьж сураагүй үедээ уул хадтай газраар туучлаа. Долоон настай хүүхдийг зодсоор байгаад амь насанд хүрчихсэн. Хэрэг нь илрээгүй. Сурвалжилгын хүрээнд алуурчдыг илрүүлжээ. Хамаарал бүхий хүмүүс нь зам хааж зогсоно. Жижигхэн зургийн аппараттай. Явсаар хоёр гэрийн дэргэд ирлээ. Илүү гэр рүү нь орж “нэгжлэг” хийтэл цустай хувцас гараад ирсэн гэдэг. Тэгтэл хажуу талаас нь нэгэн эмээ гарч ирээд ойртоход зурсхийгээд зугтаан машиндаа сууцгаажээ. Хэрэг гарсан тухай дуулгахад “Тийн гэсэн. Гэхдээ мэдэхгүй ээ, хүүхээ” гээд халгаасангүй. Тэрүүхэндээ арга сийлж, Б.Ганчимэгтэй тохирлоо. Сигналаа дарлаа, өнөөх эмгэн эргэж харах төдийд зургийг нь дарчихаад хаазаа гишгээд зугтаажээ. Тэгэхэд замд нь бас нэгэн залуу гарч ирсэн ч аргыг нь олоод цааш явсан байна. Хожим тухайн залуу эл гэмт хэргийн оролцогч болсныг хуулийнхан олж илрүүлжээ. Хотод ирсэн даруйдаа цагдаа дээр очиж, хэргийн эд мөрийн баримтыг хүлээлгэж өгснөөр хойшлуулашгүй ажиллагаа явуулжээ. Эрэн сурвалжлах гэдэг сэтгүүлзүй ийм л хүчтэй.

Юм бичих, олохын төлөө тэгж л явахаас аргагүй. Зарим нь бүтнэ, бүтэхгүй. Өнөөг хүртэл бүтээгүй 20 жил явсан асуудал ч байна. Хаа нэг хүнээс асууж, тодруулна. Сүүлдээ яарахгүй, адгахгүй болсны шинж гэмээр. Эрэн сурвалжлахаар тууштай дагнасны хүчинд аливаа юмыг ахин дахин нягталдаг зан Мөнхбаясгаланд суужээ. Долоо хэмжиж нэг огтол гэж үг бий. Харин хэмжсэн ч огтлохгүй байж болох нь Мөнхбаясгалангийн дадал. Долоо хэмжчихээд огтлохгүй байгаа нь сайн гэсэн ойлголт.

С.Гандөл

Үргэлжлэл бий.