Б.Баярсайхан: Эмч нарын хандлагыг өөрчлөхөд мөнгө хэрэггүй

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн тайлан сонслоо.

Энэ үеэр "Эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд харилцаа хандлагаа хэзээ өөрчлөх вэ? Үүнийг өөрчлөхөд ямар ч мөнгө хэрэггүй. Хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа бол тангарагтаа үнэнч байх хэрэгтэй. Заавал танил харахгүйгээр эмнэлгийн үйлчилгээг авдаг, өвчтөнтэй хүндэтгэлтэй харьцаж, тэднийг хайрладаг байх харилцаа хандлагын асуудлаар юу хийдэг вэ?

Эмнэлгийн үйлчилгээ иргэдэд чирэгдэлгүй очдог байх тал дээр дутагдалтай зүйл их байна. Ганцхан жишээ хэлье. С вирус тоолуулаад даатгалын сангаасаа мөнгөө авдаг хуультай. Үүнийг авахын тулд маш олон газар руу хувийн мэдээллээ өгч байж, сүүлдээ цөхрөөд болих хүртлээ тэвчиж байж эрүүл мэндийн даатгалаас мөнгө авч байна. Ямар ч иргэн ороод авч болохоор төрийн үйлчилгээгээ сайжруулж болдоггүй юм уу?

Эрүүл мэндийн салбараар үйлчлүүлж буй өвчтөний нууц гэж бий. Хоёрдугаар эмнэлэгт гэхэд таны өтгөн гараагүй байна гээд олон хүний дунд зарладаг. Хүний хувийн орон зайг хүндэтгэх үйлчилгээ яагаад манай улсын эмнэлгүүдэд хэрэгжиж болдоггүй юм бэ? Энэ тал дээр салбар юу хийж байна вэ?

Эрүүл мэндийн даатгалаа төлөөд эмнэлэгт хэвтэхээр гаднаас дандаа эм тариа авчруулдаг. Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлж байгаагийн үр шимийг хэзээ бид хүртэх вэ?" гэдгийг Б.Баярсайхан гишүүн холбогдох албаныхнаас асуусан юм.

Хариуд нь "Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо руу орж байгаа. Тухайн байгууллагын ажилтан ёс зүйн зөрчил гаргасан уу гэдгээс үндэслэн гүйцэтгэлээр урамшуулал олгож байна. Энэхүү тогтолцоо эрүүл мэндийн салбарын ажилчид цаашид харилцаа хандлагын алдаа, ёс зүйн зөрчил гаргахгүй байх тал дээрх ажил гэж ойлгож болно" гэдгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг онцоллоо.