НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Д.Ганбат: Сайдын суудал нэхээгүй, хамтарч ажиллах санал тавьсан
АН-аас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг суллахыг шаардсан бичгийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Таныг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас түдгэлзүүлсэн гэсэн мэдээллийг өгсөн. Энэ үнэн үү?
-Бүх зүйл хуулийн дагуу явж байна. Би АН-аас өгсөн үүрэг даалгавраар ажиллаж байна. УИХ дахь АН-ын бүлгийн даргын үүргээ биелүүлэн ажиллаж байна. Цаашдаа ч биелүүлнэ. АН-ын бүлэг хэвийн ажиллаж байна. Тийм асуудал гарсан. АН-ынхан дотроо учраа олно. Гадна, дотнын гар хөл их орж ирж байна.
-Засгийн газраас гурван сайдын суудал гуйгаад явсан гэдгийг нэр бүхий гишүүн мэдэгдсэн. Үнэхээр ийм зүйл болсон уу?
-Би УИХ-ын гишүүнийг бүлгээс хасдаг хүн биш. Бүлгийн даргад тийм эрх мэдэл байхгүй. Намын удирдлагаас ирсэн албан бичгийн дагуу нэр бүхий гурван гишүүнийг намаас хассан. Тиймээс энэ шийдвэрийг надад хүргүүлснийг би танилцуулсан. Хууль, эрх зүйн орчноороо авч үзвэл АН одоо УИХ-д найман гишүүнтэй болсон.
АН-д аль болох гишүүн хэрэгтэй байна. Бид эвлэлдэн нэгдэж сөрөг хүчнийхээ дуу хоолойг хүргэх ёстой. Дэлхий улс орнууд цар тахлын үед маш их хямарч байгаа. Энэ үед гарч буй асуудлуудыг Засгийн газар УИХ хамтран шийдвэрлэх хэрэгтэй. Юм л болвол сөрөг хүчин гээд засаг, төрийнхөө шийдвэрийг буруушаагаад байж болохгүй. Тиймээс үүнийг даван туулахын тулд АН-ын даргад эв нэгдэлтэй байх саналаа хэлсэн. Үүнийг би дангаар шийдвэрлэж чадахгүй МАН, Засгийн газар шийднэ. Би ард түмнийхээ төлөө хамтарч ажиллах ийм санал өгсөн. МАН-ын бодлого зүүнийх учраас хөрсөндөө буухгүй, алсын хараагүй байна. Харин манайх барууны үзэлтэй учраас үүнийг хамтатган хэцүү цагийн үед гаръя. АН-д чадвартай залуу боловсон хүчин бий. Тиймээс Засгийн газартаа урьж ажиллуулж болно гэдгийг хэлсэн. АН, МАН гэхгүйгээр Засгийн газартаа чадвартай хүмүүсээ ажиллуулъя л гэж хэлсэн.
-Тэгэхээр гурван сайдын тохироо хийсэн нь үнэн гэсэн үг үү?
-Зүгээр санал болгосон. Гурван сайд ч гээгүй. Хамтарч ажиллая л гэсэн юм. Би ямар хувьдаа юм авах гэж байгаа юу. Улсаа бодоод хамтраад ажиллая л гэсэн. УИХ-ын нэг гишүүнээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал гээд авлигадаж байна. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Энэ бол авлига. Тэрний оронд тэтгэврийн хөгшчүүд, эрүүл мэндийн ажилтан, багш нарын ажилтны цалинг нэмэх хэрэгтэй. Дөрвөн тэрбумын саналаасаа татгалзахыг гишүүдэд уриална.