НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Л.Цэдэвсүрэнг Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэнг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг нь өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Л.Цэдэвсүрэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед тус яамны сайдаар ажиллаж байсан юм. Л.Цэдэвсүрэн нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль, 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет, 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль, 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/, Эрх зүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах, 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн, 2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, 2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, 2020 тавдугаар сарын 13-наас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад яамныхаа сайдаар дэвшиж ажилласан. Түүний дараа Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.