Тяньжинд гацсан ачаа барааг өвлөөс өмнө татна

Зам, тээврийн салбарт 2021 онд хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, түүний биелэлт болон Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан чингэлэг, ачаа тээвэр, Гашуунсухайтын нүүрс тээврийн асуудлаар салбарын яамнаас мэдээлэл хийсэн.  

Энэ үеэр Тяньжин боомтод өнөөдрийн байдлаар 4,640 чингэлгийн үлдэгдэл байгаа тухай Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Б.Артур онцолсон юм. Мөн өнгөрсөн найм, ес, аравдугаар сард 6,565 чингэлэг ачигдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай хийсэн уулзалтаас хойш дараах өөрчлөлт гарчээ.

Үүнд 

Нэг. Хятадын талаас Тяньжин боомтоос долоо хоног тутамд дөрвөн галт тэрэг нэмэлтээр явуулж эхэлсэн.

  • Аравдугаар сарын 1-11-ний өдрүүдэд 12 галт тэрэг 
  • Аравдугаар сарын 12-19-ний өдрүүдэд 12 галт тэрэг

Хоёр. Энэ сарын 12-ны байдлаар Тяньжин боомтод байгаа 4,575 чингэлгийг өвлөөс өмнө шуурхай тээвэрлэхээр талууд ажиллаж байна.

Аравдугаар сард багтаан тэргүүн ээлжид эм, эмнэлгийн хэрэгсэл, хөлдөж муудах, хадгалах хугацаа нь дуусах эрсдэлтэй чингэлгүүдийг ачиж, тээвэрлэхээр яриа хэлэлцээ хийж эхэлжээ.