С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар сайдын мэдэгдлийг няцаасан Х.Амаржаргалын тайлбар
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Оюу Толгой өнөөдрийн байдлаар хүү, нийлмэл хүүгийн өр бодогдоод 2.3 тэрбум ам.долларын өр үүсээд байна. Энэ нь цаашид 2051 он гэхэд хүү, нийлмэл хүүгийн хамт 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ. Рио Тинтогийн зүгээс уг өрийн 70 хувийг тэглэе гэсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон "Ковид"-ын үед сайнгүй үр дагаврыг авчирч байна" хэмээн мэдэгдсэн. Улмаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээнд суусан юм. Уулзалт болохоос өмнө "Рио Тинто Монгол" компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Үнэнийг хэлэхэд 22 тэрбум ам.долларын өр гэдэг нь ирээдүйд үүсэж болзошгүй таамаглал тооцоолол байсан юм. Үүнд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тухайлбал, зэсийн үнэ, инфляц, үйлдвэрлэлийн зардал, шатахуун, түлш түүнчлэн санхүүжилтийн хэлбэр зэргээс шалтгаалан ирээдүйн тооцоолол янз бүр гарна. Гэхдээ энэ тооцооллын хамгийн том хөдөлгөгч, бодит суурь нь үндсэн зээлийн дүн. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын зүгээс энэ үндсэн зээлийн дүнг 70 хувиар бууруулж, хуримтлагдсан хүүг тэглэе гэсэн саналыг тавьсан. Ингэснээр Монголын талд очих Оюу Толгой төслийн эдийн засгийн өгөөж 53 хувиас дээш болно. Засгийн газар хэзээ ч 22 тэрбум ам.долларын өрөнд орохгүй" гэсэн байна.