С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шилжилтийн амаргүй цаг үеийг туулахад Японы Засгийн газарт талархдаг гэв
УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Такаока УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байгаад нь баяр хүргээд, ажлын амжилт хүсэв. Тэрбээр “Японы шинэ Эзэн хаан, хаан ширээндээ заларч, Рэйвагийн шинэ тоолол эхэллээ. Өмнөх Хэйсэйн он тоолол Монгол орон ардчилсан нийгэмд шилжих үетэй давхацсан. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа гүнзгийрч, Стратегийн түвшинд хүртэл өргөжин хөгжсөнд баяртай байна” хэмээн тэмдэглэсэнтэй УИХ-ын дарга Г.Занданшатар санал нэг байгаагаа илэрхийлж, “Монгол орны ардчилсан шинэтгэл, шилжилтийн амаргүй цаг үеийг туулахад Японы Засгийн газар, ард түмэн чин сэтгэлээсээ дэмжин тусалсаар ирсэнд бид ямагт талархдаг” гэлээ.
УИХ-ын дарга, Элчин сайд нар шинэ Рэйва эринд хоёр орны харилцаа Хэйсэй эринийх шигээ, түүнээс ч илүү өндөр түвшинд шинэ агуулга, хэлбэрээр өргөжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа санал нэгтэй тэмдэглэв.
Уулзалтын үеэр Элчин сайд М.Такаока Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах, Япон-Монголын сургалтын эмнэлэг байгуулах төслийн ажлын талаар хөндөж ярив. Эдгээр хоёр төслийн үйл ажиллагаанд Японы менежментийг нутагшуулахаар хоёр тал хэлэлцэн тохирсон бөгөөд нээлт нь тун удахгүй болох гэж байгаа билээ.
Ноён Элчин сайд М.Такаока ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хоёр орны өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын талаар мэдээлсэн бөгөөд Японы Гадаад хэргийн сайд Коно Таро энэ сарын дундуур Монгол Улсад айлчлах юм байна. Энэ үеэр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сургалтын эмнэлгийн нээлт болох юм байна. Тус эмнэлгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар барьсан билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газраас олгох нэн хөнгөлөлттэй зээл болон шинэ нисэх буудлын байгууламж, сургалтын эмнэлгийн зэрэг асуудлаар хамтран ажиллаж байсан маань тодорхой үр дүнд хүрч байгаад ноён Элчин сайд Танд талархал илэрхийлье гээд, “Бизнесийн болон ажил хэргийн харилцааны түвшинд итгэлцлийг бэхжүүлэх нь нэн чухал юм” гэж онцлон тэмдэглэв.
Тэрбээр Японы төрийн албанд ёс зүйг ягштал мөрддөг туршлагаар Төрийн албаны ёс зүй, хариуцлагын тухай хууль батлан гаргахаар бид төслийг боловсруулсан. Удахгүй УИХ-аар хэлэлцэнэ гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд өнөөдөр шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсанаа хэлээд, “Манай эрдэмтэн судлаачид дэлхийн стандарт, шинжлэх ухааны дэвшилд нийцсэн шинэ бүтээл, судалгааг амжилттай хийж байна. Тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээмж шингээх нь нэн чухал байгаа юм. Тиймээс хоёр орны шинжлэх ухааны байгууллагуудад хамтран ажиллах өргөн боломж байна. Энэ нь Рэйвагийн шинэ эринд хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулах нэг чиглэл болж болох юм. Хэйсэй эринд Японы тусламж, санхүүжилт голлож байсан бол Рэйва эринд тусламжаас бүтээмж рүү чиглэсэн хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм. Энэ асуудалд ноён Элчин сайд Таныг анхаарлаа хандуулахыг хүсье” гэв.
Элчин сайд М.Такаока УИХ-ын даргын саналд анхааралтай хандахаа илэрхийлээд, “Япон-Монголын хамтын ажиллагааны хүрээ олон чиглэлээр өргөжсөөр буйд сэтгэл ханамжтай байна. Тухайлбал, “Коосэн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, энэ зургадугаар сард анхны төгсөлтөө хийх гэж байгаа. “Мянган инженер” хөтөлбөрийг “Онц” дүнтэй дүүргэж байгаа монгол залуус цөөнгүй байгаад баяртай байна” гэлээ.