С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Жавхлан: Найман жил гацсан төмөр замын огтолцлын цэгийг хүлээн зөвшөөрөх нь
Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай хоёр улсын Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж, Хятадын талтай солилцохыг сайд Б.Батцэцэгт зөвшөөрчээ.
Ерөнхий сайдын сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам”, БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, өнгөрсөн сарын 11-нд тохиролцоонд хүрсэн юм.
Уг шийдвэртэй холбогдуулж, “Найман жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг хүлээн зөвшөөрөх ноот бичиг явуулахаар шийдвэрлэлээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын эрх зүйн орчин бүрдэж, эдийн засгийн эргэлтэд оруулах том боломж нээгдлээ” гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм.
Сонирхуулахад, БНХАУ-ын Эрээн хотод коронавирусын халдвар тархсантай холбогдуулан Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг 2021 аравдугаар сарын 14-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээвэр тодорхойгүй хугацаагаар саатаад байгаа юм. Үүсээд буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Замын-Үүд боомтод ажилласан.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Хил нээхэд шаардлагатай чингэлэг тээвэр, тусгаарлах байр, Хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж зэргийг шуурхай шийдвэрлэхэд засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана" гэсэн байдаг. Мөн хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм чанд баримталж, богино хугацаанд хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг сум орон нутгийн удирдлага, хилийн боомтын захиргаанд үүрэг болгосон юм.