С.Нарангэрэл: Монголыг бүхэлд нь ёс суртахуунтай болгоход шуналын асуудлыг тусгайлан авч үзэх ёстой

Ерөнхийлөгчийн зарлигаар академич С.Нарангэрэлд Төрийн соёрхол хүртээв. Түүнийг олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх гурван боть болон “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэсэн. Мөн улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгон, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан гарамгай бүтээл туурвисан гэж үзжээ. 

Академич С.Нарангэрэлийн тухайд “Монгол төрийн ёс зүйн уламжлал” сэдвээр илтгэл тавьж байсан удаатай. Илтгэлийнхээ хүрээнд тэрбээр "Шинжлэх ухааны хувьд ёс суртахуун гэдэг ойлголтыг маш сайн ойлгох учиртай. Ёс суртахуун бол хүний уураг тархинд байгаа эерэг энергийн өгөгдлийн цогц. Дэлхий дахинд ёс суртахууны талаар хоёр том онол бий. Хамгийн түгээмэл онол  нь ёс суртахуун бол үүсмэл, болзмол гэж үздэг. Хүн мичнээс үүссэн юм чинь ухамсар нь бас үүсмэл, болзмол байх ёстой гэсэн шинжлэх ухааны гаргалгаа байдаг. Хэрвээ энэ гаргалгааг үнэн гэж үзвэл хүн эхээс төрөхдөө ёс суртахуунгүй төрнө. Ямар ч адгуус араатнаас аюултай, юу ч хийхээс буцахгүй болно. Хууль журам, хэм хэмжээ тогтоож байж адгууслаг араншинг нь тогтоон барих шаардлагатай болно. Өөр нэг онол нь суут Альберт Эйнштейн Квантын физикийн шинжлэх ухаанд таталцлын хуулийн маш том нээлт хийсэн. Энэ нээлтээр хүн гэдэг амьтан бол уураг тархиндаа ёс суртахууны энергийн эстэй гэж үздэг. Тухайн эсүүд нь 80 их наяд хүрнэ. Энэ эсээсээ гадагш нь цацаж,  хүрч, хариу үйлдэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүн бол оюун ухааны амьтан юм гэдэг дүгнэлтийг хийсэн. Эндээс хүн, нийгмийн ижил юмс нь ижил юмаа татдаг гэсэн гаргалгаа гаргасан.  Монгол ардын "Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо" гэдэг үг байдаг. Энэ бол сайн нь сайныгаа, муу нь муугаа татдаг зүй тогтлыг хэлдэг. Энэ онолыг сүүлийн үед дэлхийд ихээхэн ярих болсон. 

Хүний ёс суртахуун удамшдаг, генд нь суусан энергиүд их байдаг. Тиймээс хүний удам судрыг хар гэдэг монголчуудын яриа нь үүнтэй холбоотой. Монголчуудын өөрийнх нь аж төрөх ёс, амин зуулга, тал хээр нутагт цөөхүүлээ амьдардаг байдал нь заяамал ёс суртахууны сайхан өгөгдлийг бусад үндэстнээс илүү өгсөн. Чингис хаан Монголчуудын ёс суртахууны өгөгдөл, энергиэр дэлхийн дахиныг өөртөө татсан. Монголын нууц товчоонд Чингис хаан, түүнийг шууд залгамжлагчид дэлхийг эрхшээх үед хэлсэн Чингис хааны айлдвар байдаг. Энэ айлдварыг одоо хүртэл Монголын судлаачид гаргаж тавиагүй.

Чингис хаан “Би гүр улсаа шударга болгож, гагц жолоонд оруулсан” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг тогтоож л  монголчуудыг нэг атганд зангидсан гэдэг санааг илэрхийлсэн. Үүнийг нь 800 жил судалгаа хийсний үндсэн дээр бид ойлгосон. Дэлхийн түүхийг сайтар судалбал, улс гүрнүүд  Чингис хааны шударга засаглалд дагаар орж, дэлхийн хэмжээний том хөрөнгийг бий болгосон. Дэлхийд 140 жилийн турш Монголын энх амгалан тогтоож, хөгжил цэцэглэлтийг цогцлоож, Ази Европыг Торгоны замаар холбож өгсөн ийм гайхамшигтай өвөг дээдсийн үр сад нь бид байгаа юм.

1980 оны сүүлч, 1990 оны эхээр Монголын улс төрийн тогтолцоо, нийгэмд өөрчлөлт оруулахдаа маш ноцтой алдаа гаргасан. Энэ алдаагаа одоо ухаарч эхэлж байна. Учир нь, тансаг хэрэглээ, эд хөрөнгө, их мөнгөтэй болж авах, хэзээ ч ханаж цадахгүй тэр хэрэглээгээ хангах гээд үхэн хатан 30 жил зүтгэлээ.  Эцсийн дүнд хэдэн өндөр байшин бий болсон. Хэрвээ цэвэр ус юм уу, бохирын шугам доголдолд ороход өмхий балгас л болж хувирна. Бүх зүйлийг зах зээл руу оруулсан нь алдаа байсан. Нийгмийн бүх хүрээг зах зээлжүүлсэн. Гэтэл зах зээлжүүлж огт болохгүй нийгмийн хүрээ байна. Боловсрол, эрүүл мэнд байна. Өнөөдөр боловсролыг зах зээлжүүлснээс болж Монголын нийгэм асар их хагаралд орлоо. Баячуудын хүүхэд тусгай сургуульд, маш өндөр үнээр сурч байна. Эгэл ардын хүүхэд улсын сургуульд. Зарим нь дүрэмт хувцасны үнээ дийлэхгүй, сурах бичгээ худалдан авч ч чадахгүй завсардаж байна.

Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлж болохгүй байсан байна. Өнөөдөр ядуучуудын эмнэлэг, баячуудын эмнэлэг тусдаа болсон. Бүр цаашлаад коронавирус гарахаас өмнө гадаадад эмчлүүлдэг бүлэг бий болсон. Ингээд цаашаа хэдүүлээ явах уу. Энэ байдлаараа цаашаа явбал, монгол үндэстэн үгүй болох мөхөл руугаа орно. Сургууль, эмнэлэгтээ нийтээр үйлчлүүлдэг, маш өндөр зэрэглэлтэй байлгах бодлогыг төр засгаас барих шаардлагатай. Ингэж байж ёс суртахуунлаг болно. Өнөөдрийн бидний нэг хэсэг нь нийтийн унаагаар явж чадахгүй больсон байна. Нэг айл 2, 3 унаатай болсны хор уршгийг өдөр тутмынхаа амьдралд мэдэрч байна. Авто зам нь нойл, зогсоол болоод хувирчихлаа.

Монгол орныг, төрийн албан хаагчид, улстөрчдийг бүгдийг нь ёс суртахуунтай болгоход шуналын асуудлыг тусгайлан авч үзэх ёстой. Энэ бүхэн хахууль, албан тушаалын эрх мэдлийг хувийн шунахай сэдлээр ашиглахаас үүдэлтэй" хэмээж байв.