Ш.Раднаасэд МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзах өргөдлөө өгчээ

МАН-ын Хяналтын хороо хуралдаад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж шийдвэрлэсэн. Харин ийм шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, намаас гарах өргөдлөө Удирдах зөвлөлдөө дөнгөж сая өгчээ. Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг намынхаа Хяналтын хорооны шийдвэрийг сонссоны дараа УИХ-ын хоёр гишүүнд улс төрийн дэмжлэг намаас үзүүлэхгүй байх шийдвэрийг буруу гэж олонхи нь үзсэн юм.

Гэхдээ МАН-ын үндсэн дүрмээр Хяналтын хорооны шийдвэрийг Удирдах зөвлөл хэлэлцдэг, намын бүлэг шийдвэр гаргах эрхгүй, сонсохоор журамласан байдаг юм. Удирдах зөвлөл түүний өргөдлийг хүлээн авах уу, эсвэл Хяналтын хорооны шийдвэрийг хүчингүй болгох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ Ш.Раднаасэд гишүүн намын гишүүнчлэлээсээ татгалзвал 2016 оны сонгуулийн үр дүнгээр 65 суудал авч байсан МАН УИХ-д 63 суудалтай болох нь.