Жолооны үнэмлэх авах, сэргээлгэх хүмүүс маргааш Сүхбаатарын талбайд очоорой

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Мөн “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон байна.Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд болох бөгөөд жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг  төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ” гэв.