С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
УУХҮ-ийн сайд Г.Ёндон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзаж, Монгол, Туркийн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш-д хандан, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргээд, хоёр орны эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон талт харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Мөн Элчин сайдаар ажиллах ирэх жилүүдэд хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын харилцаанд ахиц, дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгааг дурдан, Турк Улс нь зарим ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлдэг, ашигт малтмалын арвин нөөцтэй тул хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.
Өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт 40 сая ам.доллараас 74 сая ам.доллар болж нэмэгдсэний зэрэгцээ молибден, мөнгө зэргийг Монгол Улсаас Турк Улс руу экспортлосон, цаашид уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгийг Элчин сайд Зафер Атеш уулзалтын үеэр мэдэгджээ.