С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Ч.Мангалжалав Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн боллоо
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн билээ. Тэдгээр эрхмийн нэг болох ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор Чимэдийн Мангалжалавт Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээснийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө.
Чимэдийн Мангалжалав нь 1957 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг Домбонгийн энгэр гэдэг газар төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
1965-1975 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 10-н жилийн хоёрдугаар сургуулийг төгссөн. 1975-1980 онд Монгол Улсын Их Сургуулийн Эрчим хүчний факультетын “Дулааны инженер”- ийн ангийг "Онц" дүнтэй төгссөн. Оюутан байх үедээ улирал дараалан онц сурч байсан учир "Онц" сурлагатан “Алтан медаль”, оюутны эрдэм шинжилгээний "Шилдэг бүтээл" медалиудыг тус тус авч байсан.
1989 онд ЗХУ (хуучнаар)-ын Туркмен ССР-ын Ашахабад хотын Шинжлэх ухаан үйлдвэрийн "Солнце" нэгдлийн шинжлэх ухаан докторын зөвлөлд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1994 онд дэд профессор, 2004 онд профессор цол тус тус хүртсэн. Орос, англи хэлтэй.
1980-1982 онд МУИС-ийн Эрчим хүчний факультетын дулааны тэнхимийн багш, 1982-1991 онд ПДС-ийн эрчим хүчний факультетын багш, аспирант, 1991-1993 онд Эрчим хүчний инженерийн сургуулийн орлогч захирал, 1993-1996 онд ТИС-ийн тэнхимийн орлогч эрхлэгч, 1997-2002 онд ЭХИС-ийн Дулаан хангамж автоматжуулалтын тэнхимийн эрхлэгч, 2002 оноос Хөргөх технологийн судалгааны төвийн захирал, 2011-2022 он хүртэл Эрчим хүчний сургуулийн захирал, одоо профессороор ажиллаж байна.
Ч.Мангалжалав нь ШУТИС-д тасралтгүй 42 жил сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хийж, нийтдээ 8100 гаруй оюутанд хичээл зааж, эдгээр төгсөгчид нь Эрчим хүч, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарт 18 аймаг, 3 хотод ажиллаж байна. Ажиллах хугацаандаа нийт 60 гаруй дипломын ажил удирдаж, 3 доктор, 24 магистрын ажил, эрдэм шинжилгээний 80 орчим өгүүлэл, 8 сурах бичиг, 7 гарын авлага бэлтгэн, 4 лабораторийг шинээр ашиглалтад оруулсан.
Эрчим хүчний тулгамдсан асуудал болон олон улсын UNDP-ийн 5 төсөлд оролцож, эрдэм шинжилгээний 30 ажил хийж үйлдвэрт нэвтрүүлэн 2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Эдгээр дотроос "ДЦС-3" ТӨХК-д хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр жил тутам 1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Мөн сүүлийн 5 жилд ЭХЯ, БСШУЯам, ШУТСангийн санхүүжилтээр захиалгат төсөл 1, суурь судалгаа, инновацын 4 төсөл, гадаадтай хамтарсан 1 төслийн ажлыг амжилттай гүйцэтгэж байна.
Зохиогчийн эрхийн гэрчилгээ – 5, оновчтой санал – 5, ашигтай загварын гэрчилгээ – 2, патент – 1 тус тус авч байсан. Ч.Мангалжалав нь 2011 оноос хойш ЭХС-ийн захирлаар ажиллах хугацаандаа 2,5 тэрбум төгрөгийн гаднын хөрөнгө оруулалт хийж 42 шинэ лаборатори нээж /Хавсралт-1/, Цахилгааны инженерийн салбарын “Цахилгаан хангамж” мэргэжлийн магистр, бакалаврын сургалтын хөтөлбөрийг “Олон улсын магадлан итгэмжлэл”-ийн ASIIN e.V. болон FOR-ACE ( Framwork Standards for the Accreditation of Engineering Programmes, and therefore for above period of accreditation is designated as a)–д удирдан хамруулж, 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн. Монголд анх удаа инженерийн мэргэжлийн хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрснөөр Монгол оюутнуудыг Европын хөдөлмөрийн зах зээл, үргэлжлүүлэн доктор, магистрт суралцах бүрэн эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн байна.
Мөн БНХАУ-ын Хойд Хятадын Эрчим хүчний их сургууль (ХХЭХИС), Шанхайн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн сургууль, ОХУ-ын Москвагийн эрчим хүчний сургууль (МЭИ), Уралын холбооны их сургууль (УрФИ), Новосибирскийн улсын техникийн их сургууль, Японы Акиновагийн их сургууль, Күюшүгийн Технологийн сургууль гэх мэт сургуулиудтай гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, бакалаврын 2+2, магистрийн 1+1 сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, 17 оюутан төгсөж, 60 орчим оюутан бакалавр, магистрын түвшний сургалтад хамрагдаж байна.
Ч.Мангалжалав нь тус сургуульд тасралтгүй 42 жил ажиллан, дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, ЭХЯ, салбарын байгууллагуудын захиалгат эрдэм шинжилгээ, судалгааны ажил, Мөн БСШУЯам, ШУТСангийн санхүүжилттэй суурь судалгааны төсөл зэргийг амжилттай гүйцэтгэж, үйлдвэрлэл практикт нэвтрүүлэн ажиллаж байгаа санаачилгатай тэргүүний профессор юм.