Ерөнхий сайдын тэмцэл нэг шатаар урагшиллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын дүн, эргэн төлөлтийг шалгах ажлын хэсгийг ахалж ажиллаж байв, 2019 онд. Улмаар Ажлын хэсгээс хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж байсан юм.

Шалгалтаар Хөгжлийн банк эргэн төлөлт авч чадаагүй, ноцтой зөрчилтэй гэж үзсэн есөн зээлдэгчийн мэдээлэл, арилжааны банкуудтай өрсөлдөж, жижиг төслүүд санхүүжүүлсэн, зээлийн бүтцийн өөрчлөлтөөр зээлдэгчид давуу эрх олгож, тухайлан нэг зээлдэгчид найман удаагийн бүтцийн өөрчлөлт хийсэн, мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татсан зэрэг томоохон зөрчлийг илрүүлж байлаа. 

Ноцтой зөрчилтэй гэж үзсэн дээрх байгууллагын нэг болох “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар байгаа юм. Гэрээ ёсоор тус компани 2015 онд 71.3 сая ам.долларын зээлийг жилийн найман хувийн хүүтэй авч, 2018 оны арванхоёрдугаар сард төлж дуусгах байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй яваа юм. Иймд прокурорын байгууллага тус компаниас зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 200 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж, шүүхэд хандсан байдаг. 

Сонирхолтой нь, Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохиогчийн гаргасан гомдлоор Улсын Дээд шүүх өнөөдөр хуралджээ. Хурлаар “Кью Эс Си” компаниас зээл, зээлийн үндсэн, хэтэрсэн хугацааны, нэмэгдүүлсэн хүү болох нийт 192 тэрбум 572 сая /нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар/ төгрөгийг бүхэлд нь гаргуулж Хөгжлийн банканд олгуулах шийдвэр гаргажээ. 

Энэ хүрээнд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын хувийг эзэмшиж буй хэмээн өөрсдийгөө зарласан бүлэглэлтэй Л.Оюун-Эрдэнийн хийж байгаа тэмцэл дахин нэг шатаар ахиж байна гэсэн үг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж буй эрх мэдэлтнүүдтэй нам хамаарахгүй хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа буй.