С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Халтар: Европ тив хүртэл алсын тээвэрт явах боломжтой
Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг цахимаар хуралдлаа.
Хил дундын “0” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-Үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д буулгасан ачаа барааны ихэнхийг нь төмөр замаар Улаанбаатар хот руу татан авч байгаа бол цөөн тохиолдолд ААН-үүд өөрсдийн автомашинаар ачаагаа татан авчээ.
Өнөөдрийн байдлаар Эрээн хотод Хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн байгаа бөгөөд өдөрт 50-аас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт багтааж дуусгах боломжтой гэдгийг албаныхан дуулгалаа.
Шадар сайд ажлын хэсгийнхэнд хандан, хилээр орж байгаа ачаатай чингэлгийн тоог нэмэх, төмөр замын өргөн царигаар ачаа бараа татан авах ажлыг эхлүүлэх, хилээр нэвтрэн орж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийж, гүний тээвэрт гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг үүрэг болгов.
Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар Шадар сайдаас Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвд өгсөн үүрэг болох Монгол Улсын хойд болон баруун бүс нутгийн хилийн боомтоор дамжуулан Оросын Холбооны Улс, Европ, Дундад Азийн улсууд руу манай улсын жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгслээр ачаа бараа тээвэрлэх боломж, нөхцөлийг судалж танилцуулах үүргийг судалж, холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцож, шийдэлд хүрсэн тухай Зам тээврийн сайд мэдээлэл хүргэлээ.
Европын улс орнуудад том оврын тээврийн хэрэгсэл барих ангилалтай жолооч нарын ажлын байр эрэлттэй байдаг тул энэ чиглэлд жолооч нарыг ажиллуулах боломжийг судалж байна
Сайд Л.Халтар “ОХУ болон Европ, дундад Азийн улс орнууд руу ачаа бараа тээвэрлэлтийг Олон улсын тээвэр зуучлалын компаниуд хариуцдаг. Эдгээр компаниудыг нэгтгэсэн Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо “НАРТАМ” ТББ-тай холбогдож, тодорхой шийдэлд хүрсэн. Тулгамдаж буй гол асуудал гэвэл Олон улсын тээвэр хийх тээврийн хэрэгсэл нь Евро стандартад нийцсэн байх шаардлагатай байдаг. Энэ шаардлагыг хангаж байгаа тээврийн хэрэгсэл манайд цөөн.
Урд хил дээр нүүрс болон ачаа бараа зөөж тээвэрлэдэг автомашинуудын тухайд овор хэмжээ томтой, задгай ачааг хилийн хойд Алтанбулаг боомтоор ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хот хүртэл явж болох хэдий ч цааш нутгийн гүн рүү явах боломжгүй.
Харин Евро стандартын шаардлага хангасан автомашинтай жолооч нар Европ тив хүртэл алсын тээвэрт явах боломжтой. Шадар сайдын үүрэг болгосны дагуу бид “НАРТАМ” ТББ-тай хамтарч энэ боломжийг бүрдүүллээ.
Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болох НАРТАМ цахим хуудсаараа дамжуулан Олон улсын тээвэр хийх боломжтой иргэд, жолооч нарыг бүртгэх зарлалаа нийтэд мэдээлнэ.
Жолооч нар эндээс мэдээлэл авч бүртгүүлээд, шаардлага хангасан тохиолдолд олон улсын тээвэр хийж, ашиг орлого олох боломж нээгдэж байгаа юм.
Мөн Европын улс орнуудад ТИР буюу том оврын тээврийн хэрэгсэл барих ангилалтай жолооч нарын ажлын байр эрэлттэй байдаг тул энэ чиглэлд жолооч нарыг ажиллуулах боломжийг бид хэрэгжүүлэхээр судалж байна” гэв.
Ажлын хэсгийн хуралдаанаар үргэлжлүүлэн эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой ачаа барааг Замын-Үүд боомтоор эн тэргүүнд татан авах ажлыг зохион байгуулах, хилийн бусад боомтуудын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.