С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хөгжлийг хязгаарлагч ЗУРГААН ХҮЧИН ЗҮЙЛ
Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч коронавирусийн шинэ хувилбарууд гарч эдийн засагт тодорхой бус байдал хэвээр, хямралаас бий болсон хохирлыг нөхөж чадаагүй, эдийн засгийн салбарууд эмзэг байгаа юм.
Цаашид зах зээл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтдөө хүрэх, түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах шаардлага тулгараад буй. Энэ хүрээнд Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулж, өргөн барьсныг өнгөрсөн сарын сүүлээр УИХ-аас баталсан. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын дагуу Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг тодорхойлж, ирэх 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Ойролцоогоор 100-120 их наяд төгрөг шаардлагатай бодлогыг хэрэгжүүлэхэд ямар ажлыг хийж, хэрэгжүүлэх талаар танилцууъя.
НЭГ. БООМТЫН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.
Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.
Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм.
"Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаарсайжруулах зорилтууд багтжээ. Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхэлнэ.
Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулна. Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй, харилцан ашигтай түншлэ аж.
ХОЁР. ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэгт нь ойлгомжтой. Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг. Бид газрын доорх ертөнц буюу дулаан, цахилгааны эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй.
1986 онд Дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна.
Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлнэ.
Цахим Монгол, Дижитал үндэстэн болох зорилт бол зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах төдий шийдэл биш юм. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах шаардлагатай. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргана. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ.
ГУРАВ. АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь Аж үйлдвэржилт билээ. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай улсын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм. Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.
Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна.
Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг. Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо шинээр тодорхойлох шаардлагатай. Аж үйлдвэржсэн, ажилсаг Монголыг бий болгох нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм асуудлуудын нэг гэнэ.
ДӨРӨВ. ХОТ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох нь бидний нэн тулгамдсан асуудал боллоо. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна.
Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ.
Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөг болсон байна. Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн гучин жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс юм.
Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан хууч өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсныг ард иргэд маань хүлээн зөвшөөрч ойлгоно гэдэгт итгэж байна. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг мэс заслын аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй.
Хотын төвлөрлийг багасгана гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, Их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай.
Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлж, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах Их бүтээн байгуулалтын ажлыг ч мөн ирэх жил эхлүүлэхээр тусгажээ.
Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлээс төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйцэж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэгэн илэрхийлэл юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг 3 чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.
Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх учиртай. Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлэхээр тусгажээ.
ТАВ. НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Хөгжил бол өөрөө байгаль юм. Цар тахал дэлхий ээжтэйгээ буруу харьцсанаас үүдэж, хүн төрөлхтөнд өгч буй сануулга байхыг ч үгүйсгэхгүй. Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг одоо л тодорхойлохгүй бол оройтно.
Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэн, цөлжилт, ган гачиг эрчимжсээр байна.
Хүлэмжийн хий нэмэгдсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дэлхийн дулаарал нэг хэмээр нэмэгджээ. Эх дэлхий маань хоёроос дээш хэм дулаарвал бид юу ч хийсэн оройтох болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон чухал санаачилга юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ хамтран ажиллах шаардлага байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү хөдөлгөөнд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эрхзүйн цогц шинэчлэл хийж, орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, арчлах, байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгах болно.
Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг билээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ.
Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь малчдыг хэдэн аймаг дамжсан отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаануудын нэг болж байна.
Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах шаардлага байна.
ЗУРГАА. ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ
Монгол Улсын хөгжлийг боомилж буй хамгийн гол асуудал бол өнөөдөр үнэндээ Төр өөрөө болсон байна. Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай. Төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлсээ зөв тодорхойлж, шийдэл олно. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тус хөтөлбөрт тусгажээ.
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавин,хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.
Хууль батлагдах үйл явц тооцоо судалгаатай, чанартай, амьдралд нийцсэн, харин батлагдсан хууль заавал хэрэгждэг байх ёстой. Шүүх засаглал хараат бус, шүүхийн процесс иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, энгийн байх учиртай. Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч төр байна.