С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Оюун ухааны мастерууд шилдгүүдээ тодруулна
УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шатрын спортыг дэмжих” лобби бүлгийн ахлагч Б.Саранчимэгийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн шатрын хагас шигшээ тэмцээн тавдугаар сарын 20-25-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээний зорилго нь шатрын спортыг хөгжүүлэх, шатарчдын ур чадварыг сайжруулах, 2019 оны есдүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохиогдох Улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм. Тэмцээнийг Монголын шатрын холбооноос зохион байгуулж байна. Хагас шигшээ тэмцээн нь 21 аймаг, 9 дүүрэг, Улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн болон болзол хангасан шатарчид оролцдог томоохон тэмцээн юм. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй их мастер 4, олон улсын мастер 8, дэлхийн шатрын холбооны дэд мастер 17, дэлхийн шатрын холбооны дэд мастер 22, спортын мастер 11, дэд мастер 15 нийт 137 шатарчид оролцож байна. Тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт эхний 11 байр эзэлсэн шатарчдад шигшээ тэмцээнд оролцох эрх олгох юм. Монголын шатрын холбоо нь 2016, 2017 оны Ази тивийн шилдэг холбоо, Бөртэ-Чоно 2016, 2017, 2018 оны шилдэг холбоогоор тус тус шалгарсан билээ.