349 тэрбум төгрөг "алдаж" буй аудитын зөвлөмж

Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ. ҮАГ-ын дүгнэлтээс танилцуулбал:

-Нийт эрчим хүчний хэрэглээний 80.7 хувийг дотоодын эх үүсвэрээс хангаж бодлогын зорилтод хүрээгүй, импортоос хамааралтай хэвээр, эрчим хүчээр найдвартай хангах чадамж алдагдсан, бодит өртөг, ашгийн зохих түвшнийг хангасан үнэ тарифын тогтолцоо бий болоогүй, салбарын хэмжээнд санхүүгийн тогтвортой байдал алдагдсан нь эрчим хүчний тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахааргүй болжээ. 

-Эрчим хүчний үнэ тарифыг бүрэн индексжүүлээгүй нь төрөөс, тухайлбал Засгийн газар “хууль дээдлэх” зарчмыг баримтлаагүй, Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхээ хараат  бусаар  хэрэгжүүлэхэд нөлөөлсөнтэй  холбоотой  байна. Үнэ тарифыг  өртгөөс багаар тооцож байгаа тохиолдолд алдагдлыг татаасаар бүрэн санхүүжүүлэхгүй байгаа нь төрийн бодлогын цогц байдал алдагдсаныг харуулж байна.

-Урт  хугацааны  бодлогоор  тодорхойлсон  нийт  хэрэглээний  85.0  хувийг  дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадаагүйгээс импортоор авсан 377.9 сая кВт.цаг эрчим хүчийг дотоод үйлдвэрээс хангаж жилд 49.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэх,  Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулж, Оюутолгой ХХК-ийн хэрэглээг хангаж, жилд 349.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжийг алдаж байна.

-Эрчим  хүч  үйлдвэрлэх,  түгээх чиглэлээр  ажиллаж  буй  төрийн  өмчит  компаниудын алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдэж, 2020 оны байдлаар 62.4 тэрбум төгрөгт хүрсэн нь нэгдүгээрт эрчим хүчний үнэ тарифыг өртгөөс нь багаар тогтоосон, хоёрдугаарт хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл сайн засаглалыг бий болгоогүй, өөрийн үйл ажиллагааны зохион байгуулалтаар үр дүнг дээшлүүлээгүй, ил тод, хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллаж чадаагүйтэй холбоотой байна.

-Нарны болон салхин цахилгаан станц ашиглалтад орж нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ нэмэгдэх хэрээр сэргээгдэх эрчим хүчнийдэмжих тариф нэмэгдэж, хэрэглэгчийн төлбөр нэмэгдэх нөлөөлөл үзүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний салбарын  санхүү,  эдийн  засагт  дотоодын  үйлдвэрлэгчийн  орлого  буурах  сөрөг нөлөөллийг үзүүлж байна.

-Хот, хөдөөгийн гэр хороолол, малчин өрх төвлөрсөн дулаанд холбогдсон өрхүүдээс илүү өндөр зардлаар хүйтний улиралд дулааны хэрэгцээгээ хангаж байгаа ч амьдралын чанар ялгаатай байгаа бөгөөд айл өрхийн цахилгааны дундаж тарифыг 28.7 хувиас дээш хувиар нэмсэн тохиолдолд дулааны алдагдлын хөндлөн татаас шингэж эхлэхээр тооцоолол гарч байна. 

Аудитаар илэрсэн зүйл, аудитын дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөж байна. Үүнд:

Монгол Улсын Ерөнхий сайдад: 

1. Эрчим хүчний салбарт урт болон дунд хугацаанд баримтлах бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, шинээр боловсруулах Хөгжлийн зорилтот хөтөлбөрт эрчим хүчний салбарыг үе шаттайгаар бие даасан тогтолцоонд шилжүүлэх зорилт, арга хэмжээний хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг биелэх боломжтой хугацаагаар, санхүүжилтийн эх үүсвэрийг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрэмбийн дагуу тодорхойлж, бусад салбар яамд болон олон талын оролцоог хангасан цогц байдлаар боловсруулах;

2. Эрчим хүчний тухай хуулиар олгосон Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийг хараат бусаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах;

Эрчим хүчний сайдад:

3. Эрчим хүчний аюулгүй, найдвартай байдал алдагдсан, нөөц тоноглолгүй байгаа өнөө үед эрсдэлийн үеийн төлөвлөгөө боловсруулан баталж мөрдөх;

4. Төрийн өмчит компанийн алдагдалд оруулж буй нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийж, шалтгааныг  бүрэн  тодорхойлох,  хувьцаа  эзэмшигчийн  эрхийг  хэрэгжүүлэгч  Төлөөлөн удирдахзөвлөл, төрийн өмчийн компаниудад сайн засаглалыг бий болгох;

5. Хөдөлмөрийн бүтээмжээс хамаарсан бүтэц, орон тоог тогтоох жишиг норм нормативыг баталж мөрдөх; 

6. Эрчим  хүчний  салбарын  тариф  тооцоход  ашиглаж буй норм  стандартуудыг  шинэчлэх, шинээр боловсруулж, батлуулах;

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Зохицуулагч нарт:

7. Үнэ тарифыг индексжүүлэх ажлыг хэрэглэгчдэд ачаалал багатайгаар үе шаттай хэрэгжүүлэх;

8. Айл өрхийн цахилгааны дундаж тарифыг 28.7 хувиас дээш хувиар нэмсэн тохиолдолд дулааны алдагдлын хөндлөн татаас шингэж эхлэхээр байгаа тул Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчийн тарифыг индексжүүлэхдээ гэр хорооллын цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрхүүдийн тарифт дулааны алдагдлын хөндлөн татаас шингэхгүй байхаар тооцоолох гэжээ.