С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Монгол Улсад ирэх өгөөж гурав дахин нэмэгдэнэ"
Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ.
Энэ үеэр Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм "Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрсөн. Оюу толгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай” гэж хэллээ. Мөн өнөөдрийн арга хэмжээ Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо гэдгийг онцоллоо.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцна. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт байдаг. Оюу толгой ХХК гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж байна.