Н.Цэрэнбат: Оюу Толгойд хяналт тавихыг УИХ-аас үүрэг болгосон

Монголын Засгийн газар Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" групп хооронд хийсэн урт хугацааны хэлэлцээрийн үр дүнд Гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон. Энэ хүрээнд "Эрдэнэс Оюу Толгой"-д ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн батламжийг гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад гардуулсан юм.

Энэ талаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гаднын хөрөнгө оруулагч нартай хамтран ажилласан хамгийн том төсөл болох Оюу Толгойн Монголын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,363,002,090 ам.долларын зээлийн өр тэглэлээ.

УИХ-аас баталсан 92 болон 103 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжсэн томоохон ажил. Төслийг хэрэгжилтийг сайжруулах Оюу Толгойн ажлын хэсгийн хэлэлцээр үргэлжилж байгаа. 34 хувьд хамаарах өрийг тэглэснээр Ерөнхий сайдын хэлсэнчлэн Монгол Улс цаашид энэ төслөөс ашиг хүртэх ижил тэнцүү хувь эзэмшигч болж эхэлж байна.

УИХ-аас "Эрдэнэс Оюутолгой" компанийг чадавхжуулах тус төслийн үйл ажиллагаанд хяналт тавихыг үүрэг болгосон. Энэ дагуу 2022 онд компанидаа гаднын уул уурхайн мэргэжлийн зөвлөхүүдийг авч, Монголын уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчнийг 34 хувийн үйл ажиллагааг хамгаалах, алдаа дутагдлыг нь илрүүлэхэд чадавхжуулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллана.

Өнгөрсөн онд хуралдсан ТУЗ-ийн хурлаас жил тутам таван сая ам.долларын гэрээт ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Хэлэлцээр үргэлжилж байна. Удахгүй далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон нэмэлт төлөвлөгөө, татварын маргааны асуудлаар хөрөнгө оруулагч талууд тодорхой шийдэлд хүрч, эцэслэнэ гэдэгт итгэлтэй байна” гэдээ.