“Чингэлтэй фестиваль 2019”- зохион байгуулав

Иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэг соёлыг төлөвшүүлэх, үндэсний өв, соёл, орчин цагийн хотын соёлыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор Чингэлтэй дүүргийн ЗДТГ, СУИС-тай хамтран  “Бид сайн сайханд дагуулна” уриатай “Чингэлтэй фестиваль” арга хэмжээг долоо дахь жилдээ “Монгол бахархал” сэдвийн хүрээнд өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Чингэлтэй дүүрэгт байрладаг Турк, Вьетнам улсын Элчин сайдууд, Төрийн соёрхолт АЖ Н.Сувд нар болон бусад албаны хүмүүс оролцов.

“Чингэлтэй фестиваль” арга хэмжээнд Хотын Захирагч С.Амарсайхан оролцож хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагуудын зүгээс монголын түүх, соёл, уламжлалт ардын урлаг, соёлыг дэлгэрүүлэх, соёлоор дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, Хотын соёлыг түгээх үйл хэрэгт иргэд олон нийт, эрдэмтэд, судлаачид, түүхчидтэйгээ хамтран ажиллахыг зорьж байна. Мөн энэ жил нийслэл хотын түүхт 380 жилийн ойн хүрээнд их хотынхоо түүх соёлыг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх, түүх  дурсгалын газруудыг сэргээн засварлах, хамгаалах ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хүн төвтэй бодлогын хүрээнд хийгдэх олон ажлуудын эхлэл өнөөдөр болж буй Чингэлтэй фестиваль юм.  Олон зуун жилийн түүхтэй урлаг соёлын уламжлалаараа дамжуулаад иргэд оршин суугчид ялангуяа хүүхэд багачуудад үндэсний соёл урлагаа таниулах ажлуудыг хийх болно” гэв.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас анх санаачлан 2013 онд “Хотын гудамж-Миний нутаг” нэртэйгээр эхлүүлж байсан Чингэлтэй фестиваль арга хэмжээ энэ жилийн хувьд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна юм. Фестивалийн үеэр  соёл урлаг, спортын олон талт арга хэмжээ болж байгаа бөгөөд СУИС-ийн авьяаслаг оюутнууд, цэцэрлэгийн багачууд, сурагчид, мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолтууд, иргэдийн парад жагсаал, орчин үеийн гудамжны бүжгийн тулаан, залуусын чөлөөт уран бүтээлийн үзүүлбэр /open mic/, спортын тэмцээн уралдаан, хөгжөөнт тэмцээн, дүрслэх урлаг, гар урлалын үзэсгэлэн, үсчин гоо засалчдын мэргэжлийн шоу үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, тоглоомын үйлчилгээ зэрэг олон талт үйл ажиллагааг бүтэн өдрийн турш зохион байгуулагдах юм.