Мөнгөний бодлогын мэдэгдэл

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны нэгдүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд: 

1. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх;

2. Төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх;

3. Уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн салбарт олгох урт хугацаат репо арилжааны санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх;

зэрэг багц шийдвэрийг гаргалаа.

КОВИД-19 вирусын Омикрон хувилбарын тархалт эрчимжиж, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудаж, тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлоос үүдэн зардлын инфляц олон улс оронд огцом нэмэгдэж байна. Манай улсын хувьд мөн адил гадаад худалдааны тээврийн саатал үргэлжилснээр импортын барааны үнэ нэмэгдлээ. Мах, хүнсний ногоо, шатахуун, импортын барааны үнэ нэмэгдсэн нь бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хүлээлтээс ихээр өсгөлөө. Жилийн инфляц 2021 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав.  Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжилийг даган алгуур нэмэгдэх хандлага хэвээр байгаа бол нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын цаашдын төлөв хилийн хязгаарлалт, тээвэр, логистикийн саатлыг хэр богино хугацаанд  шийдвэрлэхээс голлон хамаарахаар байна.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээнүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад эерэгээр нөлөөлж байна. Өнгөрсөн оны сүүлийн 2 сард уул уурхай болон тээврийн салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс буурч, харин бизнесийн хязгаарлалтууд суларч дотоод эрэлт нэмэгдсэнээр боловсруулах, худалдаа, үйлчилгээний салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарлаа.

Хилийн хязгаарлалтаас үүдэлтэй нийлүүлэлтийн доголдол үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, улмаар инфляцын хоёрдахь үеийн нөлөө эрчимжих эрсдэлтэй байгаа тул мөнгөний бодлогын төлөвийг чангарууллаа. Түүнчлэн, гадаад зах зээлийн суурь хүү өсөх төлөвтэй байгаа нь бодлогын хүүг өсгөх нөхцөлийг бий болгож байна.

Монголбанк эдийн засгийн сэргэлтийн явц, инфляцын өрнөлтэй уялдуулж бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.