Уг нь Б.Эрдэнэбатыг З.Энхболд "өмөөрч", Х.Баттулга дэмжиж явлаа

Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсноор бондын төлбөрийг буцаан төлөхөд хүндрэл үүсгэж болзошгүйг мэдэгдээд буй. Улмаар гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа нийтэд ил болгосон юм. Уг мэдээллээр томоохон дүнтэй нэхэмжлэлийн нэг нь "Эрэл" компанид холбогдох зээл. Тиймээс энэ удаагийн "Төрийн ой санамж" буландаа "Эрэл" компанийг онцолж байна.


Нэгэн цагт Монголын толгой бизнесмэнээр тодорч, "Эх орон" намыг үүсгэн байгуулж, улс төрд хүч сэлгэж явсан түүх Б.Эрдэнэбатад бий. Эцэг, эхийнхээ бус "Эрэл" компанийнхаа нэрээр "овоглож", эчнээ танигдсан түүний оргил карьер нь 2004-2008 он. Парламентад 72 суудалтай үнэмлэхүй олонхоор засаглаж байсан тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын эсрэг АН-тай эвсэж, "Эх орон-Ардчилал" эвслийн нэрээр сонгуульд оролцсон түүний хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод зогсохгүй 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан нэгэн. Улмаар М.Энхболдын тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт Түлш, эрчим хүчний сайдаар 2006-2007 онд ажиллаж байв. Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Эрэл"-ийн намаас нэр дэвшиж, анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан нь бас нэгэн түүх. Гэвч 2008 оны сонгуульд өвдөг шороодсоноос хойш улс төрөөс "зодог тайлсан" Б.Эрдэнэбат бизнест эргэн ирж, барилгын салбарт хүч түрэн орж ирсэн нь 2017 он арванхоёрдугаар сар.

Үүсгэн байгуулсан намаараа, УИХ-д сонгогдсон он жилээрээ угшил нэгтэй, бараг улс төрд хөтлөн оруулсан Х.Баттулга нь Төрийн тэргүүнээр сонгогдсон цаг үе. Тэгэхэд "Эрэл" компанийн хөрөнгө оруулалттай Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн нээлт болж, Барилгын сайдаас эхлээд хотын дарга тэргүүтэй албан тушаалтнууд очиж, тууз хайчилж байлаа. Хэдийгээр уг арга хэмжээнд нэгэн цагийн журмын нөхөр Х.Баттулга очоогүй ч түүнийг төлөөлж З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар оролцсон юм.

БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь Германы хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг дэлхийн том үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж, бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр гэдгийг Б.Эрдэнэбат захирал ирсэн зочдод танилцуулсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны вэб сайтад https://president.mn/1424/ байршуулж байв.

Сонирхолтой нь, үйлдвэрийн нээлтийн үеэр Тамгын газрын дарга З.Энхболд "Муу хэлүүлдэг өмч хувьчлал, муу хэлүүлдэг “Чингис” бондын хөрөнгө үр ашгаа өгч, иргэд хурдан шуурхай баригддаг, хямд ,найдвартай байранд орох боломж бүрдэж байна. Үүний үр дүнд жилд 5000 айлын янданг байхгүй болгож, тэр хэрээр утаа багасна" хэмээн хэлсэн нь одоо ч хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна. Түүний хэлснээр 2018 оноос жилд 5000 гэж тооцвол 2022 буюу энэ онд гэхэд нийслэлийн 20 мянган янданг "Эрэл" БҮК-1 үйлдвэрийн тусламжтайгаар халах байлаа. 

Үүнээс сар гаруйн дараа шинэ оны эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр очиж танилцах үеэрээ "Иргэдийг орон сууцжуулах замаар утааны асуудал, ажилгүйдэл, ядуурлаа шийднэ. Ийм автомат, стандартын үйлдвэр ашиглалтад орсон нь том алхам гэж бодож байна. Харин үүнийг хэрхэн ажил болгох талаарх асуудлаа Улаанбаатар хотын засаг захиргаа, Засгийн газарт танилцуулах хэрэгтэй. Богино хугацаанд барилга, байшин барьдаг, үнэ өртөг нь бага гэдгээ мөн танилцуулах хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ утаа, агаарын бохирдлоос иргэдийг богино хугацаанд орон сууцжуулж байж л сална. Нэг метр квадрат нь 1.2 сая, олноор үйлдвэрлэх бол цаашид ч буурах боломжтой юм байна. Маш сайхан үйлдвэр байна. Цаашид дэмжиж ажиллана” хэмээн хэлж байжээ.

 

Гэвч Хөгжлийн банкнаас шүүхэд шилжүүлсэн 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл бүхий 26 компаниас аман хүзүүдэж байгаа компаниар "Эрэл" тодорсон нь АСУУЛТ дагуулж эхлээд байна. Б.Эрдэнэбат захирлын үүсгэн байгуулж, эхнэр Д.Сэргэлийнх нь нэр дээр явдаг тус компани Хөгжлийн банкнаас нийт 163 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөг хүртэл төлөлгүй эцэстээ хуулийн байгууллагад шилжиж байна.

Г.Эрхэс