Айлын гэр мөргөж, 10 настай хүүхдийн амь насыг хохироожээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 516 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 374 дуудлага, мэдээллийг шалгаж, шийдвэрлэлээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 20 хүн гэмтэж бэртжээ. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна.  

Тухайлбал, энэ сарын 25-ны 10.50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Цамбагарав төвийн зүүн урд замд Toyota Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч  52 настай Ч, 27 настай Л, 72 настай Д, 60 настай А нарын дөрвөн хүнийг мөргөж гэмтээжээ. Түүчлэн энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр 21.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг III хороо Бага нарангийн гудамжинд Hyundai 5TON автомашин  айлын гэр мөргөж, гэрт байсан 10 настай Э нас барж, жолооч 41 настай Б гэмтсэн байна. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Тус албанаас бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж, бага насны хүүхдийг биеийн өсөлтөд тохирсон зориулалтын хамгаалалтын суудал, бүс богиносгогчийг хэрэглэж тээвэрлэх талаар иргэд олон нийтэд зөвлөмж хүргэж ажиллаж байна.