Ц.Болд: Цэвэрлэх байгууламжийн лагаар бордоо хийж байгааг ташаа ойлгосон байна

Төв цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ил задгай асгаж байгаа талаарх мэдээлэл цацагдсан билээ. Тиймээс энэ талаар Төв цэвэрлэх байгууламжийн дарга Ц.Болдоос утсаар тодрууллаа.

-Төв цэвэрлэх байгууламжийн лагийг ил задгай асгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн юм уу?

-Энэ бол ташаа мэдээлэл. Цэвэрлэх байгууламжид хоногт 1000-1200 метр куб шингэн лаг ирдэг. Үүнийг нь аль чадлаараа цэвэршүүлж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 61 жилийн түүхтэй. Энэ хугацаанд үүссэн лагыг боловсруулж, хатааснаа овоолсон байсан. Бүхэл бүтэн 61 жилийн хугацаанд цугларсан лаг гэхээр хэр хэмжээтэй байх нь ойлгомжтой болов уу. Үүнийг цэвэрлэх ажлыг өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхэлсэн. Одоо 68 хувийн гүйцэтгэлтэй яваа.

Харин сүүлийн жилүүдэд хуримтлагдсан лагийг каарт буюу дөрвөлжин шоо хэлбэрийн цутгамал саванд агуулдаг. Энэ нь өнгөн хэсэг нь хатаж, доод тунасан хэсэг нь шингэн хэлбэрээрээ байдаг. Үүнийг соруулж, бактертэй холих замаар бордоо хийж байгаа. Үүнийг л ташаа ойлгосон байна лээ.

-Лагаар бордоо хийх ажлыг танай ажилчид хийж байгаа юу?

-Үгүй. Лагийн үнэрийг дарах, лагийг дахин боловсруулж бордоо болгох ажлыг Япон улсын "ЭКО ЭНЕРЖИ" компани гүйцэтгэж байгаа. Ингэхдээ каартаас лаг тээвэрлэж, зэргэлдээх газартаа буулган бактертай хольж, бордоо хийж байгаа. 

-Яг ямар процессоор бордоо болгодог юм бол?

-УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон миний бие Япон Улсад лаг боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах лабораторийн шинжилгээ, бордоо үйлдвэрлэлт, стандартыг хангах чиглэлээр судалгаа хийж ажилласан. Лагийг үнэргүйжүүлж хоргүйжүүлэхэд хамгийн гол түүхий эд нь Японы Улсын “Эко энержи систем” компаний захирал Азечи Саданоригийн олон жилийн уйгагүй  ажиллагааны дүнд гаргаж авсан ашигтай басиллус бактери. Энэ бактер нь модны үртэс бүхий орчинд үржих таатай нөхцлийг бүрдүүлэх замаар өсгөвөрийг бэлтгэж, түүнийгээ механик аргаар цэвэрлэх байгууламжийн лаганд жигд хольж өгдөг. Ингэснээр хэсэг хугацааны дараа үнэр дарагдаж улмаар хоргүйжин бордоо болох процесс явагдаж эхэлдэг юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийн өмхий үнэр арилж олон жилийн хур лагийн асуудал нэгмөсөн шийдвэрлэгдэхийн зэрэгцээ хаягдал лагийг эргээд байгаль орчинд ээлтэй бордоо болгон ашиглана.

-Энэ бордоог хаана ашиглах юм бол?

-Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтэд ашиглана. Бордоо хийх ажил энэ зун дуусна. Үүний дараа уул уурхайн компанид худалдах ажлыг харъяа яамнаас зохион байгуулах байх. Лаг тээвэрлэж байгаа гэдэг утгаараа бохирын үнэр хэд хоногтоо үнэртэнэ. Бидэнд үүнээс өөр гарц байхгүй. Тэгэхгүй бол лагийн хуримтлал улам ихэснэ. Үүнээс өмнө нь бид хоёрдогч бүтээгдэхүүн болгох нь зүйтэй. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ сайн нягталж байж олон нийтэд хүргэж байхыг энэ далимд уриалмаар байна.